Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа “Бид найман хоног усан бороонд цохиулж, наранд шаруулаад сууж байхад хэн ч ирээгүй. Ард түмнийхээ үгийг яагаад сонсохгүй байна вэ. Бид Төв талбайгаас явахгүй. Салбарын ажилтнууд туйлдаж байна. 30 гаруйхан настай эмч сэхээнд хэвтэж байна. Хүнээ эмчилж байгаад өөрөө сэхээнд ороод хэвтэж байгаа эмч нар байна. 3000 гаруй эмч, ажилтнууд халдвар авсан. Яагаад бидний дуу хоолойг сонсохгүй байгаа юм.
Бид аргаа бараад энд сууж байна. Шийдвэр гаргах ёстой. Худлаа үлгэрт бид хууртахгүй. Ард түмнээ эмчилж чадахгүйд хүрсэнд бид маш их бухимдалтай энд сууж байна. Бид эндээс үр дүн гартал явахгүй. Олон хүн амиа алдаж байгаад харамсаж байна. Иргэдээ харж байгаад үхүүлмээргүй байна. Бид зөв шийдвэр гаргаж, өөр арга хэмжээ авч болох байсан.” хэмээсэн юм.
Сүхбаатарын талбайд УИХ-ын зарим гишүүн ирж, эмч ажилтнуудын шаардлагыг сонсож үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр болох УИХ-ын чуулганы хуралдаанаар эл асуудлыг хөндөх тухайгаа мэдэгдсэн юм.
Эмч, ажилтнуудын төлөөллийн зүгээс шаардлагад хариу өгөхгүй тохиолдолд тэмцлийн дараагийн шат руу шилжиж, ажил хаялт зарлахаа албан ёсоор мэдэгдсэн юм.
Тэд:
-Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх,
-Эмч, ажилтнуудыг эрүүл мэнд, амь нас, эрсдэлийн даатгалд хамруулах,
-Монголын эрүүл мэндийн салбарынхан бүхэлдээ улаан бүсэд ажиллаж буй тул улаан, ногоон бүс гэж ялгаварлахгүй байх зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг мэдэгдсэн юм.
Төв талбайд жагсаж буй эмч нарын төлөөлөл мэдээлэл хийж байна. Тэд нийт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж долдугаар сарын 2-ноос эхлэн Төв талбайд жагсаж буй юм. Тэдэнтэй Ж.Чинбүрэн тэргүүтэй УИХ-ын гишүүд уулзаж, салбарын бодит нөхцөл байдал, тэдний хүсэлт шаардлагыг нь сонсож байна. Энэ үеэр эмч нарын төлөөлөл “Бид их юм хүсээгүй шүү дээ. Хийсэнтэйгээ дүйцэх цалин авахыг л хүсэж байна. Та бүхний ярьж байгаа зүйл бодит байдал дээр хэрэгжээгүй” гэлээ. Мөн тэд цалинг нэмэхгүй бол ажил хаялт зарлахаа мэдэгдсэн юм.
Зөвхөн улаан бүсэд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад нэг удаа хоёр сая төгрөгийн урамшуулал олгох нь тэгш хүртээмж биш. Үүний оронд бүх эмнэлгийн ажилтны цалинг хоёр дахин нэмэгдүүлэх ёстой гэж тэд үзжээ.