Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Барилга хот байгуулалтын яамд ажиллах үеэрээ “Залуус-1”, “Солонго-1, 2”, “1008” айлын орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын явцыг сонслоо.
“Залуус-1” хороолол нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа орчимд 57 га талбайд 3,000-5,000 орчим өрхийг орлогод нийцсэн орон сууц байх юм. Төслийг ирэх оны гуравдугаар улиралд багтаан дуусгахаар төлөвлөжээ.
Солонго-1,2 орон сууцны хороолол нь Хан-Уул дүүргийн 21-р хороонд баригдахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд 5000 айлын орон сууц баригдах юм. Барилгын ажлыг ирэх онд эхлүүлж 2025 он гэхэд бүрэн ашиглалтад орно.
“Ногоон нуур 1008 айлынорон сууцны хороолол” нь Сүхбаатар дүүргийн 9-р хороонд баригдаж буй бөгөөд барилгын явц 30 хувьтай хэрэгжиж байна.
Монгол Улсын Алсын хараа 2050, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй уг бүтээн байгуулалтуудыг төр хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор хэрэгжүүлж байна. Орон сууцны хорооллуудад төрийн захиргааны байгууллага, олон нийтийн төв, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, үйлдвэрлэл, үйлчилгээг дагасан 5200 ажлын байр бий болох бөгөөд зам, талбай, ногоон байгууламж зэрэг дэд бүтцийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгааг салбарын яамнаас мэдэгдлээ.
Энд орон сууцны м.кв-ын үнийг Улаанбаатар хотод борлуулагдаж буй орон сууцны дундаж үнээс бага байхаар тооцоолж бага, дунд орлоготой иргэдийн худалдан авах чадварт нийцүүлэх бодлого баримтлан ажиллаж байгааг мөн салбарынхан хэллээ.
Засгийн газраас иргэдээ чанартай бөгөөд боломжийн үнэ өртөгтэй орон сууцаар хангахын тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих тал дээр нэн түрүүнд анхаарч байгааг Шадар сайд онцлоод, эдийн засгийн хүндрэлтэй амаргүй энэ цаг үед үнийн хөөрөгдлийг тогтоон барих, инфляцийг бууруулахад салбарын яамны бодит судалгаа тооцоо, бодлого шийдэл чухал гэдгийг тодотгосон юм.