Төрийн ордны сэтгүүлчид УИХ-ын гишүүн С.Амарсайханаас УИХ-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татсан, эсэхийг тодруулав.
Тэрээр, “Бид талцлаа зогсоох ёстой. 68-ын бүлэг хагарсан. Г.Занданшатарын Засгийн газар УИХ-ынхаа дээр нь гарчихсан тул би ажлаа өгсөн юм. Д.Амарбаясгаланг өмнөх Ерөнхий сайд нүүрсчин гэж зарласан. Та ягаад ингэж зарлав гэж асуухад “Гаднын хэвлэлд түүнийг нүүрсчин гэж бичсэн байсан” гэж надад хариулж байв.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаа өрсөлдөгчөө намнах зорилгоор томилсон. Одоо энэ бүхнийг зогсоох цаг ирлээ. Дараагийн сайд нар хагарлыг гүнзгийрүүлэх биш эвлэрүүлэх хүмүүс байгаасай. Ачаа үүрэх ёстой гэвэл би үүрнэ. Түүнээс би нэрээ дэвшүүлээгүй.
Нэрээ дэвшүүлээгүй учир нэрээ татах тухай асуудал яригдаагүй. Я.Содбаатар тийм хариуцлагагүй зүйл ярьж болохгүй. С.Бямбацогт ч байна уу, С.Амарсайхан ч байна уу хэн нэгэн хүнийг албан тушаалтай болгох тухай асуудал биш.
Миний байр суурь бол хэрвээ нам бодлогоо нэгтгээд 38:30 гэдэг талцал хуваагдлаа зогсоон, улсынхаа төлөө нэгдэж, нэг хүнээ дэвшүүлбэл тэнд би ачаа үүрэх ёстой гэвэл явж болно. Ямар нэг байдлаар хуваагдлыг өөгшүүлж болохгүй.
МАН-ын талцал хурцадсан. УИХ өөрөө улс төрийн намуудын талцлын талбар болж хувирсан” гэв.











































































