Токио 2020 олимпын наадмын софтболын төрөлд Японы баг АНУ-ын багийг ялж, алтан медаль зүүсэн билээ.
Наймдугаар сарын 4-ний өдөр алтан медальт тамирчдад баяр хүргэхээр очихдоо Нагояа хотын дарга Такаши Кавамура өөрийн хотын харьяат тамирчны медалийг хүзүүндээ зүүж, хазаж үзсэн юм.
Тэрбээр Японы шигшээ багийн тамирчин Миу Готогийн алтан медалийг гуйж авч, өөрийнхөө хүзүүнд зүүсний дараа хазжээ.
Өчигдөр Кавамура энэхүү үйлдлийнхээ төлөө олон нийтээс уучлал гуйсан юм. “Тамирчны үнэ цэнэтэй хөрөнгө болох алтан медалийг нь гэмтээсэндээ би чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” гэж Нагояа хотын дарга мэдэгдэлдээ өгүүлжээ.
Тэрбээр медаль гэмтээгүй ч шинэ медалиар сольж өгөх зардлыг гаргах санал тавьсан байна.
Олимпын тамирчид медалиа хазаж зургаа авхуулдаг уламжлалтай. Харин өөр хүнд ингэх эрх байдаггүй. Кавамурагийн медаль хазаж буйг харуулсан дүрс бичлэг телевизээр цацагдсаны дараа Нагояа хотын захиргаанд олон мянган гомдол иржээ.
Зарим тамирчид хүртэл энэ үйлдлийг шүүмилж байв. Тухайлбал жүдогийн алтан медальт Наохиса Такато “Хэрвээ миний медалийг ингэж хазсан бол би уйлах байсан. Би алтан медальдаа зураас гаргахаас хүртэл айдаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Бусдад хазуулсан хэдий ч медалиа хадгалах бодолтой байсан Миу Готод Олон Улсын Олимпын Хороо шинээр сольж өгөх санал тавьсан байна. Гото ч медалиа солиулахыг зөвшөөрчээ.
Эх сурвалж: Associated Press