Газрын тосны экспортоор дэлхийд тэргүүлэгч Саудын Араб улс ирэх аравдугаар сараас Азийн зах зээл дэх бүх төрлийн түүхийн нефтийн ханшийг бууруулж, хямд үнийн бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Харин АНУ болон баруун Европын зах зээлд үнийг тогтвортой барих аж.
Дэлхийн зах зээлд газрын тосны эрэлт буурч, нийлүүлэлт нэмэгдсэн явдал нь экспортлогчдыг ийнхүү үнээ бууруулахад хүргэсэн юм.
Тухайлбал, “OPEC” болон “OPEC+”-ын орнууд өнгөрөгч сард 2021 оны есдүгээр сараас оныг дуустал олборлолтын хэмжээгээ сард 400 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэр танилцуулсан. Улмаар дэлхийн зах зээлд газрын тосны нийлүүлэлт нэмэгдэх нь нэгэнт тодорхой болсон. Гэвч дельта хувилбарын тархалт нэмэгдэж улс орнууд хатуу хөл хорионд шилжиж эхэлснээр дэлхий дахинд тэр дундаа Азийн зах зээлд шатахууны эрэлт огцом буураад байгаа юм.
Саудын Арабын төрийн өмчит “Saudi Aramco” компани ирэх аравдугаар сард Азийн зах зээлд нийлүүлэх “Arab Light” маркийн түүхий газрын тосонд баррель тутамд 1.3-аас 1.7 ам.долларын хямдрал үзүүлэхээр тусгасан байна. Тэгвэл өнгөрөгч баасан гаригийн арилжааны хаалтын байдлаар “Arab Light”-ын ханш баррель тутамд 73.81 ам.долларт хүрсэн нь “OPEC”-ийн сагсан дахь хамгийн өндөр ханш байсан юм.
Шинжээчид Саудын Араб ийнхүү экспортын хямд үнийн бодлого баримтлахаа зарласан нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханшийг баррель тутамд 20-40 центээр бууруулна гэж тооцож байгаа аж. Мөн хямд үнийн бодлого нь Азийн зах зээлд Саудын Арабын газрын тосны эрэлтийг нэмэгдүүлнэ гэж тооцсон байна.
Эх сурвалж: Reuters, OPEC.org