Улсын хэмжээнд сүүлийн өдрүүдэд шатахууны хомстол үүсэж, шатахуун түгээх станцын ойр орчимд автомашины түгжрэл нэмэгджээ. Харин төв замын хөдөлгөөн сийрэг байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Баруун дөрвөн замаас, Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх буюу шатахуун түгээх станц байрладаггүй бүст замын хөдөлгөөний ачаалал эрс буурсан. Энгийн өдрүүдтэй харьцуулахад 20-30 хувиар буурсан үзүүлэлт харагдаж байна.
Харин шатахуун түгээх станц байрладаг газруудад маш их ачаалал үүссэн. Тухайлбал Хан-Уул дүүргийн Яармаг, Буянт-Ухаа, Нарантуул, Нарны зам дагуу хөдөлгөөний эрчим эрс нэмэгдээд байгаа” гэлээ.
Шатахуун түгээх станц орчмын замд хөдөлгөөний ачаалал үүсэж, улмаар зохиомол түгжрэл, саатал бий болох асуудал гарч эхэлсэн. Үүнд цагдаагийн байгууллагаас зохион байгуулалт хийж, нэг шатахуун түгээх станцад хоёр алба хаагч нэмэлтээр ажиллуулж байна.