УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг Нийслэлийн прокурорын газраас өнгөрөгч долоо хоногт гаргасан байна.
Тодруулбал, түүнийг бэлгийн хүчирхийллийн буюу Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн” гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгахаар болжээ.
Иргэн Б.Сүндэрьяагийн гаргасан гомдлын дагуу УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байсан юм. Гэвч иргэн Б.Сүндэрьяад бэлгийн дарамт учруулсан гэх үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны зэрэгцээ нотлон баримт хангалтгүй, Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэх эмэгтэйчүүдээс хэн нь ч гомдол гаргаагүй тул хэрэг бүртгэлийн хэргийг хаах саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт хоёр удаа хүргүүлж байжээ.
Харин Нийслэлийн прокурор уг саналыг хүлээн авалгүй түүнийг яллагдагчаар татах шийдвэр гаргасан байна.
Иргэн Б.Сүндэрьяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг олон эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн гэх мэдээллийг нийгэмд анх цацсан. Тэрбээр энэ тухай цагдаагийн байгууллагад гомдол гарган, олон нийтэд мэдээлэл хийж байсан юм.
Харин уг асуудалтай холбогдуулан Ц.Анандбазарт намаас нь хариуцлага тооцоод байв. МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцсоноор түүнийг намын болон парламент дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцохыг хязгаарласан билээ.