АН-ын Онц их хурал өнгөрсөн баасан гаригт болов. Эзэн Чингис хааны мэндэлсэн гэх “Монгол бахархлын өдөр” давхардуулж хийсэн энэ Онц их хурал олны анхаарлыг зүй ёсоор татсан.
Үнэндээ АН-ыг өндийгөөсэй гэж олон нийт хүсдэг ажээ. Өндийж босч ирээд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх улс төр, нийгмийн хэрэгцээ байгаа нь Онц их хурал зарласан хэдэн өдрийн хандлагаас харагдаж байна лээ.
Гэвч дахиад л хэрүүл, дахиад л зодоон… Үндсэндээ шийдэлгүй.
Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нар, УИХ-ын гишүүдийн хамт ирсэн бол С.Эрдэнийн талынхнаас гадна, Х.Баттулгынхан бас очсонгүй.
Үндсэндээ 2017 оноос хойш үргэлжилж буй АН-ын зөрчил, тэмцэлд энэ хурлаар өөрчлөлт гараагүй гэхэд болно. Хурлын төгсгөл хавьд О.Цогтгэрэлийг намын даргаар, Лу.Гантөмөрийг генсекээр сонгож, томилоод дуусав. Хуулиар хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөхөөргүй “томилгоо” хийгдээд дуусав.
Гэхдээ энэ Онц их хурлын дараа тодорхой зүйл яригдаж таарна. Нэгэнт ингэж олуулаа цугласан болохоор Дээд шүүхэд хандана. О.Цогтгэрэлийг Лу.Гантөмөртэй хамт бүртгүүлнэ гэнэ. Харин Дээд шүүх яаж хүлээж авах бол?!
Уг нь, Онц их хурлыг зохион байгуулагчид нь PR-даад байснаараа “…АН-ыг дахин өндийлгөе”, “…АН-ын эв нэгдлийг бий болгоё” гэсэн бол өөрөөр хуралдах байжээ. Хамгийн түрүүнд Тэр Онц их хуралд хуулиар зөвшөөрөгдсөн “тамгатай хутагт” С.Эрдэнэ нь байх ёстой байв. С.Эрдэнэ “…Очихгүй”гэдгээ эрт зарлажээ. Бас тэрбээр АН-ын Онц их хурал болохоос гурав хоногийн өмнө “…Арваннэгдүгээр сарын 5-нд зарлагдсан АН-ын Онц их хурлыг дүрмийн бус болохыг нь сануулъя. Энэхүү хууль бус хурлаа нэн даруй зогсоохыг шаардаж байна” гэсэн юм.
Мөн С.Эрдэнэд байсан АН-ын тамгыг барьж буй М.Тулгат “…Ойлголтын зөрүүгээс шалтгаалж Онц их хурлыг хойшлуулах саналыг олон удаа гаргасан. Гэтэл эвлэрсэн гэж зүтгэж, их хурлыг хуралдуулахаар тов гаргасан нь хүчингүй гэж үзэж байна. Намын дотоод асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хугацаа хэрэгтэй. АН-ын дүрэм, цаашид ажиллах зарчим, ямар асуудал үүссэн хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж байж шийдвэрлэнэ. Арванхоёрдугаар сарын 6-нд анх товлож байсан ч наашлуулж арваннэгдүгээр сарын 5-нд болгосон ч талууд ойлголцоогүй учир хугацааг сунгах хэрэгтэй. Аливаа хурлаас шийдвэр гарч хүчин төгөлдөр хэрэгжихийн тулд хурал ч мөн ялгаагүй хүчин төгөлдөр байх ёстой. Тиймээс талууд харилцан зөвшилцөж байж хуралдах ёстой. Ардчилсан нийгэмд 100 хувь санал нийлнэ гэж мэдээж байхгүй. Онц их хурал биш онц их бужигнаан болно гэж харж байгаа учраас хуралд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэж байв.
С.Эрдэнэ ингэж гэдийх эрхтэй. Дээд шүүхэд буй улс төрийн намуудын бүртгэлд “…2017 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн Ан-ын VII их хурлын 03 дугаар тогтоолоор АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдсоныгДээд шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгэсэн” гэж тэмдэглэжээ.
Харин дараа нь “…АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэдийн 2020 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 02/418 дугаар албан бичгээр дэд дарга Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг бүртгэсэн. Дээд шүүхийн нэгдүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Тувааныг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, АН-ын даргаар бүртгүүлэх С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалсан” гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, АН-ын албан ёсны дарга нь С.Эрдэнэ бөгөөд хүчинтэй тамга түүнд байна.
Хэрэв АН-ын бүртгэлд өөрчлөлт орохоор бол, шинэ дарга, удирдлага, дүрмийн асуудлыг Дээд шүүхэд С.Эрдэнэ л төлөөлөх ёстой гэсэн үг.
Тэгээд ч С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулсан, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөр нэр дэвшсэн. СЕХ-ны зүгээс Дээд шүүх дэх бүртгэлийн дагуу С.Эрдэнийн “тамга”-тай харилцаж ирсэн.
Ийм нөхцөлд Дээд шүүх сая болсон Онц их хурлын дагуух бүртгэлийг хүлээж авбал 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүчин төгөлдөр бус гэж үзсэнтэй агаар нэг болох юм.
Б.Дамдин-Очир