Замын-Үүд дэх Гаалийн газар энэ сарын 11-ний 20 цагаас эхлэн автозамын боомтоор хилийн дундын бүсээс татан авч буй бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлж эхэлсэн.
Гэтэл БНХАУ-аас нэмэлт шаардлага тавьж, Эрээний хилийг дахин тодорхойгүй хугацаагаар хаасан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ асуудалтай холбоотойгоор Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээлэл хийжээ.
Тэрбээр “Энэ сарын 8-ны өдөр би Замын-Үүд боомт дээр очиж ажилласан. Бэлтгэл хангагдсан байсан. Тиймээс 12 дугаар сарын 10-11-нд тээврийн хэрэгслийг эрээн талаас дундын цэг дээр байршуулсан.
Бүтэн сайн өдөр дундын цэг дээр очсон 50 орчим автомашиныг монголын талаас очиж авсан.
Энэ бол хил нээгдсэний нотолгоо. Гэхдээ эрээний тал дээр хүндрэл үүссэн.
Тухайлбал, автомашинууд цаг агаарын байдлаас шалтгаалаад асахгүй байх тохиолдол байсан.
Ачаатай тэрэгнүүд гаалийн бүрдүүлэлт, бодит автомашин дээрх ачааны жин, хэмжээ зөрөх асуудал зөрсөн. Ингэхлээр эхний ээлжид гарах боломжгүй болсон. Энэ хугацаанд Хятад улс үнэлгээ хийж байна.
Тэгэхээр өчигдөр, өнөөдөр үнэлгээ хийгээд, дүгнэлт нь гарч байна. Эрээн буцаад хаалгаа хаасан юм биш. Бараа бүтээгдэхүүн эргэлтэд орох үе шаттай ажлын процесс явагдаж байна” гэлээ.