Бөхийн цолны найрааны бизнес гэж ашигтай зүйл байдаг тухай сураг аймаг сум байтугай ар, өвөр Монгол даяар цуурайтаж байдаг бол бөх дагасан сэргээшийн бизнесийн талаар ноцтой чимээ сонсогддог боллоо.
Энэ асуудал начин, зааны найраанаас хамаагүй илүү хор уршигтай учир илүү нухацтай ярих цаг болжээ.
2015 оны Үндэсний их баяр наадамд 24-хөн настай залуу түрүүлж улсын арслан цол хүртэж байсан цаг саяхан.
Тэр бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд байв.
Тэрбээр 2019 оны наадамд ахин түрүүлж Монгол Улсын 24 дэх аваргаар тодорсон билээ. Гэвч энэ цаг мөчөөс эхлэн сэргээш гэдэг үг түүний нэртэй үргэлжид хамт явсаар өдгөө үндэсний бөхөөр барилдаж том жижиг наадамд оролцох эрхээ найман жилээр хасуулаад байна. Түүнийг допингийн төрлийн эм тариа буюу хүч тамир сэргээх эм бэлдмэл давтан хэрэглэсэн гэх шалтгаанаар аварга цолыг нь хурааж, Монгол Бөхийн холбооноос найман жил барилдах эрхийг нь хасаад буй. Ид ирэн дээрээ яваа бөхийн хувьд үнэхээр харамсалтай. Гэвч монгол үндэстний омогшил бахархлыг бадраадаг үндэсний бөхийн хувьд бол харамсалтайгаар барахгүй эмгэнэлтэй явдал билээ. Хайран сайхан уламжлал, хайран сайхан өв соёл. Мэдээж цаг үеэ дагаж бүх зүйл хувьсаж өөрчлөгддөг. Гэхдээ монгол үндэсний бөхчүүд ийм бохир, гутамшигтай байдалд очсон нь яалт ч үгүй эмгэнэл. Үүнд хэн буруутай вэ? Үүнийг бичиж буй миний хувьд үндэсний бөхийг ашиг олж болох арга хэрэгсэл гэж харсан багш дасгалжуулагч нэртэй цөөн тооны луйварчин гэж үзэж байна.
Э.Оюунболдоор жишээлээд үзье.
Үндэсний бөхийн хүрээнийхэн түүний амжилтыг нэг хүнтэй салшгүй холбоотой гэж үздэг юм билээ. Тэр хүн бол “Цастын барс” клубын дасгалжуулагч, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Д.Батням юм.
Тэр өөрөө ч “2017 онд Э.Оюунболд өөрөө над руу утасдаад “Багш аа, би барилдмаар байна. Надад тулсан багш хэрэгтэй байна. Та надтай ажиллаад өгөөч” гэсэн. Тэгэхэд нь би “Багш нь чадах юм болов уу” гээд хэд, хэдэн удаа утсаар яриулж байж уулзсан.
Уулзаж ярилцаад Э.Оюунболдод таарсан бэлтгэлийн төлөвлөгөө гаргаад бэлтгэл хийлгэж эхэлсэн дээ.
Би Э.Оюунболдыг сүүлийн хоёр жил бэлдэж өгсөн. Тэр хугацаандаа бэлтгэлийнх нь уналт, босолт, ачааллыг нь тааруулсан” гэж ярьдаг хүн. Харин энэ багш дээр бэлтгэл хийж эхэлсэн цагаасаа хойш буюу 2017 оноос хойш Э.Оюунболд сэргээшийн асуудалд орооцолдож эхэлсэн байдаг. Тодруулбал Ардын хувьсгалын 98 жилийн улсын их баяр наадмын буюу 2019 оны наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүр түрүү булаалдсан болон шөвгөрсөн 16 бөхийн допингийн шинжилгээг БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн институтийн допингийн хяналтын лаборатори буюу олон улсын итгэмжлэгдсэн лабораторид хянуулж шалгуулахад хоёр бөхөөс сэргээш илэрсэн бөгөөд наадамд түрүүлж, “Улсын аварга” цол хүртсэн Э.Оюунболд дөрвөн төрлийн сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон байлаа.
Тэрбээр энэ асуудлаар шүүхэд хандсан ч Нийслэлийн Захиргааны хэргийн анхан болон давах шатны шүүхээс Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзэн, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгож, Монгол улсын аварга цолыг нь хураахаар шийдвэрлэсэн юм. Гэхдээ түүний энэ асуудал эцэслэн шийдэгдэхгүй явсаар 2021 он хүрсэн. Харин сүүлд улсын наадамд түрүүлэхдээ хоёр төрлийн сэргээш хэрэглэсэн нь мөн л лабораторийн шинжилгээгээр тогтоогдож барилдах эрхээ найман жилээр хасуулаад байна.
Э.Оюунболдын хувьд сэргээш хэрэглэх санаа сэдэл анх хэрхэн төрсөн тухайгаа тодорхой хэлдэггүй ч түүний хувийн чат задарсанаар хэнээс ямар зөвлөгөө, сэргээшийн төрлийн эм тариа авч хэрэглэсэн нь тодорхой болсон гэхэд болно.
Ганц Э.Оюунболд ч биш өөр нэг өсөх ирээдүйтэй залуу бөх ч гэсэн багш дасгалжуулагч хэмээгдэх Д.Батнямын заавар зөвлөгөөгөөр явж байгаад сэргээшийн асуудалд орооцолдож барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан байдаг. Тэр бол улсын начин Д.Цэрэнтогтох.
Энэ залуу Д.Батням дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл хийсэн жилдээ мөн л сэргээш хэрэглэсэн гэх асуудалд орооцолдсон билээ.
2019 онд шөвгөрсөн 16 бөхөөс шинжилгээ авахад хоёр бөхөөс допинг илэрсэний нэг нь улсын арслан Э.Оюунболд байсан бол нөгөөх нь улсын начин Д.Цэрэнтогтох байв. Нэг багш дээр бэлтгэл хийсэн хоёр бөхөөс сэргээш илэрч байгааг уншигч та анзаарч байгаа биз ээ.
Улсын начин Д.Цэрэнтогтох Э.Оюунболдын адил А сорьцын шинжилгээний хариуг эсэргүүцэж, В сорьцоо шинжлүүлсэн ч В сорьцын шинжилгээний хариу адилхан гарч, барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан билээ.
Улсын начин Д.Цэрэнтогтох 2018 оны наадмын үеэр хөлийнхөө булчинд гэмтэл авч, Д.Батням багшид хандсан гэдэг. Түүнд Д.Батням багш булчин, шөрмөс, зөөлөн эд бэхжүүлдэг, эдгэрэлт хурдасгадаг жижиг цагаан тариа тариулахыг зөвлөсөн талаар ярьдаг билээ.
Тодруулбал тэрбээр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Цагаан тариа хийлгэнгүүт хөлний өвчин намдаачихдаг юм. 2019 онд миний шагай мултарсан юм.
За, байз дөрөв бил үү тавдугаар сард улсын харцага О.Хангай бид хоёр “Цу-Эрдэнэ” эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. О.Хангай бүр таягтай явж байсан. Тэнд эмчилгээ хийлгээд хөл овоо гайгүй болов. Баянхонгорт ирж барилдаад, дараа нь наадмын бэлтгэлд гарлаа. Гэтэл наадмын бэлтгэлийн үеэр хөлнийхөө бэлтгэлийг сэдрээчихсэн юм. Юу юугүй наадам болох гэж байдаг. Бэлтгэл сайтай байсан болохоор гүрийгээд барилдахаар шийдлээ. Наадмаас өмнө шагайгаа эдгээх өөр арга байгаагүй. Тиймээс өвчнөө намдаагаад барилдахын тулд Батням багшаас асууж байгаад цагаан тариа хийлгэсэн.
…Би 2018 онд улсын начин болохдоо Цагаан тариа хоёр удаа хийлгэсэн. Надаас ямар нэгэн хориотой бодис илрээгүй. 2019 онд хөлнийхөө өвчнийг намдаахын тулд 10 ширхэгийг хийлгэсэн нь буруудчих шиг боллоо.
…Би 2018 онд гуяныхаа булчингийн уутыг задалчихсан юм. Тэгж явахад Н.Батзаяа харцага “Гайгүй барилдчих гээд яваа залуу байгаа юм” гээд намайг Батням багштай танилцуулж, цагаан тариа хоёрыг хийлгэсэн. Н.Батзаяа харцага бид хоёр хоёулаа Батням багшаас “Ямар нэгэн сөрөг нөлөө, хориотой бодис агуулаагүй биз дээ” гэж асуусан. Тэгэхэд “Тийм юм байхгүй” гэсэн. Тэр жил ямар нэгэн асуудал гараагүй, улсын начин болоод допингийн шинжилгээ өгөхөд хориотой бодис илрээгүй. Тэгэхээр нь би хэрэглэж болдог тариа юм байна гэж бодсон. Хэн ч тэгж бодно биз дээ. Тариулчихаад шинжилгээ өгөхөд допинг илрэхгүй байхаар. Гэтэл 2019 оны наадмын дараа өгсөн шинжилгээнээс допинг илэрчихсэн.
Би бүр гайхаад. Цагаан тариа допингийн төрлийн бодис агуулдаггүй л гэж би бодсон юм. Би өөр юм хийлгээгүй, тариулаагүй болохоор үнэхээр гайхсан. Надаас яагаад допинг илрэв гэж удаан бодлоо. Цагаан тарианаас өөр гарцгүй байсан л даа…
…Д.Батням багш нэг ширхэг нь 100-150 мянган төгрөгийн үнэтэй булчин, шөрмөс, зөөлөн эд бэхжүүлдэг, эдгэрэлт түргэсгэдэг цагаан тариа хийлгэчих гэж зөвлөсөн” хэмээн хэлсэн байдаг. Хамгийн ноцтой нь тус цагаан тариаг Д.Цэрэнтогтох дасгалжуулагч Д.Батнямаас худалдаж авсан гэдэг билээ. Харин Д.Батням дасгалжуулагч энэ мэдээллийг үгүйсгэж, цагаан тариа шахаагүй гэдэг юм. Гэвч тэдний бие бие рүүгээ данс солилцож, сая гаруй төгрөг шилжүүлсэн гэх баримт ил болж байсан юм.
Д.Батням гэдэг хүний хувьд Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох хоёроос гадна түүн дээр ирж бэлтгэл хийсэн Улсын арслан Р.Пүрэвдагва ч бас сэргээштэй холбогдон барилдах эрхээ 11 сараар хасуулсан асуудал бий. Түүний шинжилгээнээс гурван төрлийн бодис илэрсэн талаар Үндэсний баяр наадмын комиссоос зарласан байдаг. Улсын арслан Р.Пүрэвдавга энэ алдаагаа хүлээн зөвшөөрч, бөх сонирхогч, Монголын ард түмнээс уучлалт гуйж байлаа. Тэрбээр 2020 онд Д.Батнямын удирдлага дор 14 хоногийн хүчний бэлтгэл хийсэн гэдэг. Үүнийг багш дасгалжуулагч Д.Батням өөрөө ч баталж “Арслан Р.Пүрэвдавга надад өөрөө хандсан. Бид хоёр 14 хоног тусгай бэлтгэл хийсэн. Хөлийн дасгал дээр ажилласан.
Сайхан сэргээд явсан.
Ачаалал, хүний өөрийн биеийн онцлог дээр юу дутагдаж байна. Яавал ажиллагаа илүү сайжрах вэ гэдэг дээр илүү ажилладаг” хэмээн ярьсан байдаг. Д.Батнямтай хамтарч ажилласан, хандсан Р.Пүрэвдавгаас хоёр сарын дараа допинг илэрсэн нь яаж ч бодсон сонин байгаа биз. Өөрөөр хэлбэл, арслан Р.Пүрэвдавга Д.Батнямтай нэр холбогдсоны дараа допинг илэрсэн гэсэн үг.
Энэ мэтчилэн залуу бөхчүүдийг хорлож яваа багш дасгалжуулагч нэртэй сэргээшийн наймаачид үндэсний бөхийн ертөнцөд үүрлэчихээд байхад цаашид ч сэргээштэй бөхчүүд гарч ирсээр л байх болно. Ийм хүмүүсийг ул суурьтай шалгаж, хууль ёсны ял шийтгэл оноохгүй бол бизнесээ өргөжүүлсээр, бөхчүүдийг хорлосоор явах болно. Тэдэнд ашиг чухал болохоос хэн гэдэг бөх яаж хохирох нь чухал биш. Монголын үндэсний бөхийн холбоо, Допингийн эсрэг үндэсний төвөөс энэ тал дээр дорвитой ажиллаж хариуцлага тооцно гэж лав байхгүй.
Адгийн наад зах нь хэдэн бөхдөө “Сэргээш гэж юу юм бэ? Ямар ямар нэр төрлийн эм тариа сэргээшийн төрөлд ордог вэ? Хэдий хугацаанд хүний биед үйлчилдэг вэ? Бөхчүүд бэртлээ гэхэд ямар эм, тариа хийлгэвэл зохих, допингийн төрлийн бодис агуулсан уу үгүй юу гэдгийг яаж мэдэх вэ” гэх мэт сургалт явуулдаггүй дүлий дүмбэ оргиж суудаг хүмүүс бөхчүүдийн мэдлэггүй, харанхуй байдлыг ашиглан бизнес хийж байгаа багш дасгалжуулагч нэртэй луйварчдын эсрэг арга хэмжээ авч чадах ч үгүй. Үнэнийг хэлэхэд үндэсний бөх дагасан сэргээшийн бизнес аль дивангалавт буюу 2000 оноос хойш хүчээ авсан гэх ноцтой мэдээлэл бөхчүүдийн амнаас гарч байна.
2002 оноос хойших улсын их баяр наадмуудын 12-т нь сэргээштэй бөхчүүдийн асуудал босож ирсэн нь ч үүнийг нотолж байна. Одоогийн байдлаар бөхчүүдээс станазол, тренболон хэмээх эр бэлгийн дааврын бэлдмэл, булчин хөөлгөгч эм, тариа илэрч байгаа юмсанж. Эдгээр нь WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн “гуравдугаар зэрэглэл”-ийн хориотой бодисын жагсаалтад ордог бөгөөд Монгол улсын эмийн бүртгэлд бүргэгдээгүй бодисууд аж.
Үүнийг зөвхөн улсын хилээр хууль бусаар нууж, эсвэл эмчилгээний журмаар үндэсний допингийн эсрэг байгууллагаас болон олон улсын холбооноос нь олгодог байна. Сэргээшийн төрлийн эм бэлдмэлийг гаднаас оруулж ирдэг, зөвхөн бөхчүүдэд зардаг бүхэл бүтэн сүлжээ үүссэн талаар ч сонсогдож байна.
Эмийн бөөний төвтэй хэдэн дархлагдсан авгай хилээр оруулж ирэх ажлыг “зохицуулдаг” үүнийг нь зарж борлуулдаг багш дасгалжуулагч нэр зүүсэн этгээдүүд байдаг гэж. Аварга, арслан болно гэхээс өөр хүсэл мөрөөдөлгүй залуу, омголон мөн мэдлэг муутай бөхчүүд тэдний золиос болдог хэрэг.
Бөхчүүд нэг нэгнээсээ дам мэдээлэл авч тараасаар байгаад сэргээшийн бизнесийг өөрсдөө ч мэдэлгүй хөгжүүлсэн бөгөөд дан ганц улсын наадамд барилдаж байгаа бөхчүүд ч биш аймаг, сумын цолтой бөхчүүд ч сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэдэг болсон гэж байгаа.
Тиймээс сэргээшийн асуудлыг хэн нэг бөхийн цол тэмдэгийг хураах, эрхийг нь хасах төдий шийтгэлээр хязгаарлаад орхих биш уг үндсийг нь тодруулж хаанаас эх үүсвэртэйг нь тогтоож хамтад нь шийтгэж явах хэрэгтэй юм. Тэгвэл мөн ч олон “багш дасгалжуулагч” сэтэр зүүсэн сэргээшийн наймаачид хэрэгт орно доо.
Мөн тэр хирээр монгол үндэсний бөхөд нүүрлэсэн бузар булхай багасна даа.
ЗУЛ