Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, Өмнө нь огт вакцин хийлгээгүй ч халдвараар өвчлөхгүй байсан иргэд Омикроны давлагааны үед 100 хувь өвчлөх эрсдэлтэй. Түүнчлэн 1-р тунтай бол 100 хувь, 2 болон 3-р тун хийлгээд 3 сар өнгөрсөн бол өвчлөх эрсдэл мөн 100 хувь байна.
Халдвараар өвчилснөөс хойш вакцин хийлгээгүй бол мөн Омикрон хувилбараар өвчлөх эрсдэл бий. Учир нь тусаад эдгэрсний дараа тогтсон дархлаа Омикрон хувилбар хангалттай хамгаалж чадахгүй. Харин өвчилсний дараа вакцин хийлгэсэн буюу хайбрид дархлаатай болсон иргэд Омикроны давлагаанаас маш сайн хамгаалагдаж байгаа гэх мэдээлэл байна.
Дельта давлагааны үед иргэд маш богино хугацаанд шинж тэмдэггүй хэлбэрийн хатгаа болж байсан бол Омикроны үед шинж тэмдэг нь тод байх ч хатгаа болохгүй байна. Тиймээс бид зөвхөн хүүхэд, жирэмсэн эмэгтэй гэх мэт эрсдэлт бүлгийн иргэдийг эмнэлэгт хэвтүүлнэ. Бусад иргэд гэртээ шинж тэмдгийн эмчилгээ хийх зохицуулалт хийнэ.
ВАКЦИНЫ БҮҮСТЕР ТУН ӨНДӨР ҮР ДҮНТЭЙ БАЙГАА НЬ ДОТООД, ГАДААДЫН СУДАЛГААНУУДААР НОТЛОГДСОН
Омикрон хувилбарт халдварын давлагаанд вакцины бүүстер тун өндөр үр дүнтэй байгаа нь дотоод, гадаадын судалгаануудаар нотлогдсон. Тухайлбал, ӨАБНУ-д Омикрон давлагааны үед хүндрэл, нас баралт бага гарсан бөгөөд үүнд вакцин нөлөөлсөн гэж үзэж байна.
Дельта хувилбартай харьцуулахад омикрон хувилбарын эсэд нэвтрэх чадвар эрс нэмэгдсэн ч вакцины бүүстер буюу гурав болон дөрөвдүгээр тунгийн нөлөөгөөр дархлааны эсүүд олширсон учраас богино хугацаанд таньж, халдварлагдсан эсийг устгаж чадаж байна. Мөн эсрэг төрөгчийн хэмжээ нэмэгдэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон.
Ийм шалтгаанаар Израиль улс 4 дэх тунг хийх шийдвэр гаргасан. Манай улс ч гадаад дотоодын судалгаанд үндэслэж, 3 дахь тунг хийлгэснээс 3 сарын дараа 4 дэх тунг хийлгэх боломжтой гэсэн зөвлөмж гаргаад байна.