Өнөөдрөөс эхлэн шатахуун импортлогчид үнээ нэмлээ.
Тодруулбал АИ92 шатахууны үнийг литр тутамд 20 төгрөгөөр, АИ95 шатахууны үнийг 50 төгрөгөөр нэмжээ.
Ингэснээр АИ92 нэг литр нь 2240 төгрөг болжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал өнгөрсөн сард “Ковидын нөхцөл байдалтай холбогдуулан хангамжийг тасалдуулахгүй байх нь чухал. Газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой хангамж хамгийн түрүүнд тавигдах асуудал. Үүний хүрээнд АИ92 шатахууны үнийг зах зээлийн горим руу аажмаар шилжүүлэх нь хамгийн оновчтой шийдэл мөн. Төрөөс эрэлт нийлүүлэлтэд оролцох тусам шатахуун импортлогчид алдагдал хүлээдэг.
Үүний ачаа хэрэглэгчдэд ирдэг.
Төрөөс хийж байгаа зохицуулалт нэг удаагийн, огцом хэлбэлзэлгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн үнэ нэмэгдэлт нийт үнийн дүнгийн таван хувь буюу 100 төгрөгөөс дээш хэтрэхгүй байх шаардлагыг компаниудад тавьж байна. Ингэснээр инфляц хөөрөгдөх зэрэг шокоос хамгаална.” гэсэн юм.
Манай улс жилд 1.5-2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолдог. Тэр дундаа өргөн хэрэглээний АИ92 шатахуун үүний 25 орчим хувийг эзэлдэг юм.