Монгол Улсын Үндсэн хуулийн 33.1.7 дахь заалт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9.1,15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг болгож төр нийгмийн зүтгэлтнүүд төрийн одон, медаль гардууллаа.
Үндсэн хууль боловсруулах комисст ажиллан Үндсэн хууль батлалцаж, парламент Ерөнхийлөгчийн институтэд олон жил үр бүтээлтэй ажиллан Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжихэд бодитой хувь нэмэр оруулсан төр нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын Ардын их хурлын нарийн бичгийн дарга асан,Ерөнхийлөгчийн тамгын газрын анхны дарга, малын гавьяат эмч Ч.Дашбэмбэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Мөн Үндсэн хуулийг боловсруулах, батлах, сахин хамгаалах, их үйлсэд 20 гаруй жил идэвх санаачилгатай ажиллаж, Үндсэн хуулийн цэцийг Монгол Улсад бий болгох, төлөвшүүлэхэд 26 жил Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч дарга, гишүүнээр ажиллан, мэдлэг боловсрол, хичээл зүтгэлээ зориулан Үндсэн хууль судлал, Монгол Улсын хууль, эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Ардын их хурлын депутат, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан гавьяат хуульч Н.Жанцан нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одонгоор шагналаа.