УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцууллаа.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ирэх хаврын чуулганаар хэлэлцэх Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар товч танилцуулав. Уг өөрчлөлтөөр авлига, хээл хахуулийн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар бус энгийн журмаар шийддэг болох ажээ. Өөрөөр хэлбэл, авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээд гэм буруугаа хүлээснээр ял наймаалцаж, торгууль төлөөд өнгөрдөг байсан бол Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтөөр зохих шийтгэлээ эдэлдэг болох юм байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зохицуулалт бий.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүд дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч ял наймаалцах явдал сүүлийн үед нэлээд их гарах болсон. Ихэвчлэн торгуулийн ял авч, нийтийн албан тушаалд тодорхой хугацаанд ажиллахгүй байх шийтгэлийг шүүхээс оногдуулж байгаа.
Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд “Зарим нь 4-5 жил хоригдох ял шийтгүүлж байхад, зарим нь 40 сая төгрөгөөр торгуульж байна” гэдэг шүүмжлэх гарах болсон.
Гэвч одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар авлигын хэрэгт шалгагдаж байгаа хэн боловч хэрэг хялбаршуулах нөхцөлөөр шийдүүлэх эрх нь нээлттэй байгаа. Өөрөөр хэлбэл, хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлэх эрх хэнд ч бий.
Энэ асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс ирэх УИХ-ын хаврын чуулганд Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг оруулж ирэх үүрэг даалгавар өгсөн. Уг өөрчлөлтөд зөвхөн авлигын хэргүүд дээр хэрэг хялбаршуулахгүй ердийн журмаар шийддэг болох асуудлыг тусгана” гэв.