Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчид зээлээ төлж барагдуулахгүй бол өр нь Засгийн газарт шилжих талаар тус банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээллээ.
Тэрбээр “1.7 их наяд төгрөгийн чанаргүй зээл байгаагаас 850 тэрбум төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлээд байна. Чанаргүй зээлийн талаар нээлттэй мэдээлснээс хойш үр дүн гарч байна гэж харж байна. Өнөөдөр гэхэд 8.5 тэрбумын төлөлт хийгдлээ.
Хөгжлийн банк бол 100 хувь төрийн өмчит компани. Гаднаас бонд, урт хугацаатай зээлийн эх үүсвэр бүрдүүлж, түүгээрээ хөгжлийн том том төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй банк. Зээл төлөгдөхгүй байхад манай банк нөгөө талдаа найман хувийн эх үүсвэрийн зардал төлөөд, алдагдал хүлээж байна.
Зээл төлөгдөхгүй байсаар, банк ингэж явсаар, ирэх жил төлөгдөх 800 сая ам.долларын бондоо төлж чадахгүй бол энэ өр улсад шилжинэ. Засгийн газар эдгээр зээлдэгчдийн өрийн өмнөөс гадаад өр, төлбөрөө барагдуулна гэсэн үг.
Тиймээс банкны зүгээс чанаргүй зээлдэгчдийг зээлээ төлөхийг уриалж байна.
Аль 2012 оноос хойш цугласан зээлийн өр байгаа. Энэ хугацаанд барьцаа хөрөнгө элэгдэлд орж, үнэгүйдэж байна. Ирээдүйн орлого, эргэлтийн хөрөнгө, дансны орлогыг барьцаалж зээл олгосон тохиолдол бий. Манай банк зээлийн барьцааг нь шууд хураан авах хуулийн эрхгүй, заавал шүүхийн шийдвэр гарч байж хурааж авах боломжтой. Гэхдээ шүүхийн шийдвэр гарсны дараа давж заалдах мэтээр зургаан жил болсон ч тохиолдлууд байна.
Чанаргүй зээлийн бүх материалыг АТГ-т хүлээлгэн өгсөн” гэлээ.