Нийтийн эзэмшлийн талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламжийн төсөл, арга хэмжээнд энэ жил 31 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн.
Үүнээс энэ онд санхүүжээд дуусах ажилд нийт 6.1 тэрбум орчим төгрөг тусгажээ.
Та бүхэнд энэ жил шинээр эхлэх болон дуусах тохижилт, бүтээн байгуулалтын ажлаас танилцуулж байна.
Энэ жил санхүүжээд дуусах ажлууд:
Д.Сүхбаатарын талбайн урд байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, ногоон байгууламж багтаж байна. 2020-2022 онд хэрэгжиж буй нийт 3.8 тэрбум төгрөгийн өртөгтэй уг ажилд энэ жил 429.5 сая төгрөг зарцуулна.
Мөн 2019 онд эхэлсэн СХД-ийн 22 дугаар хороо, Тахилт, Цагдаа толгой орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил энэ онд дуусна. Нийт 2 тэрбум төгрөгийн төсөвтэй уг ажилд энэ жил 295.5 сая төгрөг зарцуулахаар төсөвт тусгагдсан байна.
Энэ жил шинээр эхлүүлж 2023 онд дуусгах тохижилтын ажлууд:
СХД-ийн Хамбын овооны цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил нийт 12 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд энэ жил 3 тэрбум төгрөг зарцуулна.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын замын тохижилтын ажлыг мөн энд онд эхлүүлж, 2023 онд дуусгах бөгөөд нийт 6.3 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс энэ жил 3 тэрбум төгрөг зарцуулна.
БЗД-ийн 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт, зугаалгын цогцолборын тохижилтын ажилд нийт 6.1 тэрбум төгрөг зарцуулахаас энэ жил 2.1 тэрбум төгрөг төсөвлөжээ.
БГД-ийн 22 дугаар хороо, Ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилд нийт нэг тэрбум төгрөг төсөвлөснөөс энэ жил 500 саяыг тус тус зарцуулах юм.
Мөн энэ онд бүрэн санхүүжигдэх шинэ ажлуудад:
Нийслэлд хэрэгжүүлэх тохижилт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, зураг төслийн ажилд 15.2 тэрбум,
БЗД-ийн 11 дүгээр хороо, Асем Вилла хотхоны баруун хойд тал буюу Туул голын эргийн дагуух тохижилтын ажилд 1.1 тэрбум /1,095.0 сая/ төгрөг,
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд нэг тэрбумыг тус тус төсөвлөжээ.
Ташрамд дурдахад, Нийслэлийн ИТХ-ын ээлжит хурлаар энэ онд нийслэлийн төсөвт 1.6 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр тооцсон бол зарлагын нийт хэмжээ 1 их наяд, 331 тэрбум /1,330,892,442.2 мянга/ төгрөг байхаар баталсан.
Ингэхдээ хотын шууд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 706.3 тэрбум, замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 65.6 тэрбум, 2021-2022 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 54 тэрбум төгрөг байхаар тусгасан.
Нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр энэ онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний дийлэнх нь шинээр эхлэх төсөл байгаа юм.
Нийслэлийн 2022 оны төсвийг бүрэн эхээр нь
ЭНДЭЭС үзнэ үү.