Спортын хорхойтнуудыг 16 хоногийн турш цэнхэр дэлгэцийн өмнө уяж, хүн төрөлхтөнд спорт, олимпизмын гайхамшгийг мэдрүүлсэн Бээжингийн өвлийн олимп хөшгөө хаалаа.
Энэ олимпын үеэр олимпын дээд амжилт 16 удаа эвдэгдсэнээс гадна тамирчид хамгийн олон төрөлд хамгийн олон багц медалийн төлөө өрсөлдсөн, хамгийн олон эмэгтэй тамирчин оролцсон, хүйсийн харьцаа хамгийн тэнцвэртэй өвлийн олимп болсон гээд онцлог зүйл их байлаа.
Цар тахлын амаргүй үед маш амжилттай зохиогдсон гэдгээрээ “Бээжин-2022” олимп түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй. Зохион байгуулагчид хаалттай менежментийн системийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадсаны үр дүнд олимпын наадам ковидын аюулаас ангид байж чадав.
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах олимпын наадмыг хааж хэлсэн үгэндээ “Бээжингийн олимпын тосгон тав тухтай, цэнгэлдэх хүрээлэн гайхамшигтай, зохион байгуулалт дахин давтагдашгүй байлаа. Цар тахлыг даван туулсны дараа бид хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй, хамтдаа байх ёстой” хэмээн энэ олимпыг дүгнэнгээ ирээдүйн зорилгоо сануулан хэлэв.
Ийнхүү өвлийн 24-р олимпын наадам амжилттай болж өндөрлөлөө. 25 дахь өвлийн олимп 2026 оны хоёрдугаар сарын 6-22 ны өдрүүдэд Итали улсын Милан, Кортина хотуудад зохион байгуулагдана.
Итали улс 2019 онд 25 дахь удаагийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авсан юм.