Өвлийн улиралд жолооч нарын сэтгэлийг зовоодог нэг асуудал бол автомашины арчилгаа байдаг. Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч, автомашиндаа анхаарал хандуулах хүмүүс олон боллоо. Иймд уншигч та бүхэндээ өвлийн улиралд хэрхэн амшин арчлах талаар зөвлөгөөг хүргэ байна.
-Юуны өмнө улирлын үйлчилгээ болох хөдөлгүүрийнхээ тосыг өвлийн тос, синтетик тосоор солиорой. Энэ төрлийн тос нь +50°С-аас -40°С-д хөдөлгүүрийг саадгүй ажиллуулахаас гадна эдэлгээг уртасгаж өгдөг юм.
-Тос солихтой хамт чанар сайтай тосны шүүр шинээр тавьсан байх шаардлагатай. Энэ нь хүйтний улиралд тосны шүүрээр тос гоожих, цацагдах, хөлрөх үзэгдлээс хамгаална. Тосны төвшин тогтмол байна гэсэн үг. Хэмжээнээсээ бага тостой явснаар хөдөлгүүр эвдэрдэг байна.
-Хөдөлгүүрийн цилиндрийн битүүмжлэлийг сайтар шалгаарай. Битүүмжлэл муутай автомашин нь хүйтэнд байтугай дулаан нөхцөлд ч асахгүй.
-Бензин хөдөлгүүртэй машинд очлуур буюу свечаны ажиллагаа хэвийн эсэхийг шалга.
-Харин дизель хөдөлгүүртэй авто машины хувьд хугацааны реле, халаагчийн ажиллагаа хэвийн байх шаардлагатай. Ажиллагаагүй болсон буюу дутуу ажилладаг халаагчтай автомашин хүйтний улиралд асах нь бараг үгүй.
-Машинаа асаагаад яаран замд гарахаа түр азна. Усны температурын заалт өстөл 3-5 минут автомашинаа асаалттай нь зогсоогоорой. Энэ нь хөдөлгүүрийн болон каробкийн ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд эдэлгээний хугацааг
уртасгадаг.
-Автомашинаа гадаа хүйтэнд олон цагаар зогсоодог жолооч та бүхэн боломжтой бол 1-2 цаг тутамд автомашинаа 2-3 минут асааж байвал машиныхаа эдэлгээг уртасгахаас гадна цаг хугацаагаа хэмнэж байна гэсэн үг шүү. Техник бол мөнхийн эд биш, эвдрэх саатах үе бишгүй л гарна. Миний автомашин сайн, бүх үйлчилгээгээ хийлгэсэн гээд гадаа зогсоолд хонуулаад олон цагаар сойж байхаас зайлсхийх хэрэгтэй шүү.
Машины хаалганы түгжээ хөлдсөн бол
Өвлийн цагт, ялангуяа цас орсон үед машины хаалганы түгжээ хөлдөөд онгойлгоход хэцүү болох тохиолдол байдаг. Ийм үед доорх аргуудыг туршаад үзээрэй.
•Түгжээ гэсгээгч хэрэглэх. Манайх шиг эрс тэрс уур амьсгалтай хүйтэн оронд түгжээ гэсгээгчтэй болчиход хэрэг болохгүй гэх газаргүй. Үүгээр машины хаалга, байр байшин гээд хөлдсөн бүх л түгжээг онгойлгодог байна.
•Вазелин. Түлхүүрэндээ вазелин түрхээд түгжээ руугаа хийн онгойлгох гэж оролдох хэрэгтэй. Болохгүй бол дахин вазелин түрх,
•Түлхүүрээ халаах. Гэсгээгч байхгүй бол түлхүүрээ асаагуурын галаар халаагаад түгжээ руугаа хийн гэсгээж болно. Гэхдээ энэ үйлдлийг нэлээд хэдэн удаа давтах шаардлагатай.
•Үсний сэнс. Цахилгааны уртасгагч энэ тэр гээд энэ арга магадгүй нэлээн тевөгтэй ч байж болох юм. Гэхдээ халуун сэнсээр үлээлгээд ямар ч хөлдсөн түгжээг амархан гэсгээж чадна.