Төрийн ордонд өнөөдөр /2022.03.28/ “Нийгмийг соён гэгээрүүлэхэд шинжлэх ухааны үүрэг оролцоо, шийдэл гарцууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэхүү эрдэм шинжилгээний хуоалд 90 гаруй эрдэмтэн судлаач оролцсон юм.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал буюу техник, технологийн хөгжлийн эрин үед шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг түлхүү дэмжиж, эрдэмтэн судлаачидтайгаа нягт хамтран ажиллахыг чухалчилж байна. Уламжлалт үнэт зүйлсээ дээдэлсэн, соёлын өвийг түгээн дэлгэрүүлсэн, даяаршлын тавцанд оюун санааны ондоошлоороо түүчээлсэн шинэ үеийн иргэдийг бэлтгэхэд олон нийтийг соён гэгээрүүлэх зорилтот ажлуудыг хэрэгжүүлэх юм.
Энэ хүрээнд баялаг бүтээгч, инновацийг санаачлагч, уламжлал шинэчлэлийг хослуулагч хэн бүхнийг дэмжих, нэгтгэх зорилгоор “Монголоо мандуулъя” аянг эхлүүлж, аяны уриан дор “Нийгмийг соён гэгээрүүлэхэд шинжлэх ухааны үүрэг, оролцоо, шийдэл, гарцууд” сэдвээр эрдэмтэн, судлаачид чуулж байна.
Өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд энэ цагийн оюуны их сэтгэгчдийн төлөөлөл болохуйц Шинжлэх Ухааны Академи, их, дээд, сургуулийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, судалгааны хүрээлэнгүүдээс 90 гаруй эрдэмтэн, судлаачид оролцов” хэмээн цахим хуудаснаа тодотгожээ.