Тагнуулын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр:
-Иргэдийн зохион байгуулж буй тайван жагсаалын үеэр хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгаж, турхирах зорилготой зохион байгуулалтад орсон этгээдүүдийг Тагнуулын байгууллагаас шалгаж байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын таван иргэнийг саатуулан шалгаж байна. Тухайн этгээдүүдийн орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн үзлэг нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай зэвсгүүд илэрсэн.
Үзлэг, нэгжлэгийн явцад нийт 12 ширхэг галт зэвсэг илрээд байна. Эдгээрийг эд мөрийн баримтаар хураан аваад байна.
Дээрх этгээдүүд нь зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд, зарим нэр бүхий улс төрч, төрийн албан хаагчийн аминд халдахаар төлөвлөж байсан нь тогтоогдсон.
Мөн хэргийн нэг холбогдогч дээрх хууль бус үйл ажиллагаанд ашиглахаар хадгалж байсан бүртгэлгүй галт зэвсгээр нэгнийгээ санаатайгаар буудан хүнд гэмтэл учруулсан ба тухайн үйлдэлтэй эрүүгийн хэргийг тагнуулын байгууллага нэгтгэн шалгаж байна.
Иймд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхээр зохион байгуулж буй тайван жагсаал, цуглааны үеэр зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйлс, тэсэрч дэлбэрэх хэрэгсэл ашиглан, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэх, гэмт хэрэг үйлдэх санаа зорилго бүхий бүлэг этгээд байхыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэд та бүхэн жагсаал цуглаанд оролцохдоо анхаарал болгоомж, сонор сэрэмжтэй байж бусдын өдөөн хатгалгад автахгүй байхыг Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Эд мөрийн баримтаар хураагдсан галт зэвсгүүд дунд Б.Баасанцогт нарын этгээдүүдийн эзэмшлийн галт зэвсгүүд илэрсэн учраас тухайн гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр Б.Баасанцогтыг сэжигтнээр баривчилсан.