Шадар сайд С.Амарсайхан “Монголын ипотекийн корпораци” ХХК иргэдийг ипотекийн зээлд зуучилснаараа дундаас нь 2-3 хувийн суутгал авч байсан луйврын талаар мэдээлэл өчигдөр хийлээ.
С.Амарсайхан “Монголбанкнаас санхүүжилт нь гарч арилжааны банкуудаар дамжин иргэдэд хүрдэг уг хөтөлбөрөөс “Монголын Ипотекийн корпораци” зуучилсан гэдгээрээ иргэдийн сар бүр төлдөг төлөлтөөс хувь авч байна. МИК дундаас нь хувь авдаггүй бол монголчууд ипотекийн 8 хувийн зээлийг 5-6, одоогийн 6 хувийн зээлийг 5 хувиар авах боломжтой байсан. Тиймээс энэ асуудлыг цааш нь илүү нухацтай авч үзэж, бодит үр дүнд хүртэл нь тууштай анхаарч ажиллана” гэлээ.
Дундаж орлоготой өрхүүдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, гэр хорооллын төвлөрлийг багасгах, зах зээл дээр байгаа орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Засгийн газар, Монголбанк хамтран, жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг 2013 оны зургаадугаар сараас олгож эхэлсэн. Түүнээс хойш 2020 он хүртэлх хугацаанд нийт 100 мянган өрхөд 5 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосон гэх тоо бий.
Тус зээлийг авсан иргэд сар бүр дунджаар 700 гаруй мянган төгрөгийг 20-30 жилийн хугацаанд төлж байна.
Одоогийн байдлаар Монгол Улсын 900 мянган өрхийн 11 хувь нь ипотекийн зээлтэй байна.
Тэгвэл иргэдийн хуруу хумсаа хуйхлан байж сар бүр төлж байгаа мөнгөнөөс хумсалж ашиг олж байгаа гэх МИК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд дараах хүмүүс багтдаг.
ТУЗ-ийн дарга М.МӨНХБААТАР – “Азиа дайверсифайд рийл истэйт фанд нэг” ХХК-ийн зөвлөх. Д.Эрдэнэбилэгийн хууль бус хувьчлалуудыг хийхэд тусалдаг гар хөлүүдийн нэг нь байхыг үгүйсгэхгүй. Учир нь М.Мөнхбаатар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49%-ийг Монголд оруулж ирэх гол хэлэлцээрүүдийг ахлан ажиллаж байсан голлох хүмүүсийн нэг юм.
МИК-ийн удирдах зөвлөлд хэн хэн байна вэ?
ТУЗ-ийн гишүүд:
1. А.ЭНХЖИН – Монголбанкны нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал
2. С.ЦЭРЭНДАШ – Монгол Улсын Хөгжлийн банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захиралаар ажиллаж байсан. Одоо Санхүүгийн зохицуулах хороонд ажилладаг. УИХ-ын гишүүн асан А.Сэдваанчигийн хүү. Монгол шуудангийн Зоригтын хүргэн.
3. Т.ДАВААЖАВ – ХХБ-ны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал
4. Э.ТУЛГА – “Ти Ди Би Cекъюритис ҮЦК” ХХК-ийн Ерөнхийлөгч
5. Б.ҮҮРЦАЙХБААТАР – Капитрон банкны Гүйцэтгэх захирал
ТУЗ-ийн хараат бус гишүүд:
- Э.ШИЖИР – Дархны төмөрлөгийн үйлдвэрийг хувьчилж авсан Кью Эс Си компаний захирал
- Ч.ХАШЧУЛУУН – Монгол Улсын Их Сургуулийн дэд профессор
- Ө.ГАНЗОРИГ – “Мандал даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга