Нийслэлийн хэмжээнд 2022 оны I дүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлага өнөөдөр эхэллээ. I ээлжийн цэрэг татлагаар дотоодын болон хилийн цэргийн алба хаагчдыг татах бол намар II ээлжээр зэвсэгт хүчний хугацаат цэргийн алба хаагчдын татах юм.
Улаанбаатар хотод нийт зургаан байршилд цэрэг татлага зохион байгуулж байгаагийн нэг нь 96 дугаар сургууль юм. Тус байранд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ажиллаж, цэрэг татлагын явцтай танилцав.
Тэрбээр “Энэ жилээс хэвийн хэмжээнд цэрэг татлагыг тогтоосон тооных түвшинд хуулийн хүрээнд зохион байгуулж байна. Энэ удаагийн онцлог нь нийслэлийн залуусыг дотоодын болон хилийн цэргийн хугацаат албанд татаж байгаа.
2020 оноос эхлэн зэвсэгт хүчний хугацаат цэргийн алба хаагчдыг жилд нэг удаа татахаар болсон. Учир нь хугацаат цэргийн алба бол залуусыг цэргийн алба болон эх орноо хамгаалахад бэлтгэх, цэргийн мэргэжил эзэмшүүлэх үндсэн зорилготой. Уг зорилгын дагуу залууст цэргийн сургалтыг тэгш эзэмшүүлэх нь чухал.
Хавар, намар цэрэгт татахад сургалт, цаг уур, ачааллын хувьд өөр байдаг тул тэгшитгэхийн тулд зэвсэгт хүчний ээлжит цэрэг татлагыг жилд нэг татдаг болгосон. Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагчдын дунд оны ялгаа гэдэг асуудал яригддаг. Үүнийг арилгах бодлогын түвшний шийдвэр юм” гэлээ.