“ЭМЯ-ны харьяанд шилжсэнтэй холбоотой бид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх шаардлага үүсэж байна. Манай амаржих газарт 23 ортой Нярайн эмгэгийг эмчлэх тасаг үйл ажиллагаа явуулдаг. 2022 оны эхний дөрвөн сарын хугацаанд Өргөө амаржих газар 1000 гаруй нярайд яаралтай тусламж үзүүлж, 300 гаруй нярайг хэвтүүлэн эмчилсэн.
Бид үйлчлүүлэгч, иргэдэд ямар хэрэгцээ байгаа талаар судалгаа хийж үзсэн. Хүүхдээ төрүүлээд эмнэлгээс гарсан ээж нярайгаа яаж асрах, нярайн шарлалт нэмэгдсэнтэй холбоотой асуудлуудыг хэрхэн шийдэх, хүүхдээ яаж хооллох вэ? гэх зэргээр нярайн талаар асуух зүйл маш их гардаг. Тиймээс нярайн тусламж үзүүлэх өрөөний тоог гурваар нэмэгдүүлж, үйл ажиллагаа явуулахад бэлэн боллоо. Нярайд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд энэ үйлчилгээ үр дүнгээ өгнө” гэж тус амаржих газрын захирал Ж.Энхцэцэг ярилаа.
Нярайд тусламж үзүүлэх санаачилгыг тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд гаргажээ. Үүний дагуу Өргөө амаржих газарт гурван хүүхдээ төрүүлсэн залуу гэр бүл тохижилт, засвар үйлчилгээний санхүүжилтийг хариуцаж, амаржих газрын хамт олонд талархсан сэтгэлээ илэрхийлжээ.
Тус амаржих газар нярайд амбулаторийн тусламж үзүүлэх үйлчилгээг өнөөдрөөс ийн эхлүүлж байна. Амбулаторийн тусламжид:
- Нярайн шарлалт болон бусад өвчний оношилгоо, эмчилгээ зөвлөгөө
- Нярайн хооллолтын бэрхшээлийн үеийн зөвлөгөө, сургалт
- Нярайн өсөлт, хөгжлийн үнэлгээ, зөвлөгөө
- Нярайн зүрх ЭХО, зулайн ЭХО, лабораторийн шинжилгээ үзүүлэх зэрэг үйлчилгээ үзүүлнэ.
Хугацаандаа, гүйцэд жинтэй төрсөн 0-28 хоногтой, дутуу төрсөн бол 0-60 хоногтой хүүхдийг нярай гэж үзэх ба 08.30-16.30 цагт тусламж үйлчилгээ үзүүлэх юм байна.