УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнгийн талаар салбарын сайдаас тодруулав. Тэрбээр “Монголд шинжлэх ухааны байгууллага гэж тэжээмэл газар болсон. Шинжлэх ухааны ололт эдийн засгийн үр өгөөжгүй байна. Үүнд цаашид хэрхэн анхаарч байна вэ” гэв.
Түүний асуултад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах хариултыг өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд шинжлэх ухааны санхүүжилтийн буруу тогтолцоо явж байсан. Шинжлэх ухаан, технологийн сангаас жилд 12‑13 тэрбум төгрөгийн санхүүжилт хийдэг. 40-50 судалгаанд 50-60 сая төгрөг өгдөг гэсэн үг. Тэр судалгаа нь 2-3 жил үргэлжилдэг. Гэвч тэр судалгаанаас гарсан үр дүн инновац, патент болж, үйлдвэрлэлд нэвтэрдэггүй байсан.
Тиймээс 2023 онд шинжлэх ухааны, технологийн салбарын санхүүжилтийн тогтолцоог өөрчилнө. Суурь судалгаа, хэрэглээний судалгаа, патент, инновацын өрсөлдөөнт санхүүжилт гаргаж ирэх нь зүйтэй юм гэж үзэж байгаа.
Хоёрдугаарт, судалгааг бүтэн циклээр нь санхүүжүүлдэг тогтолцоог бий болгох хэрэгтэй юм билээ” гэлээ.