Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд 2022 онд төсвийн хөрөнгөөр нийслэлийн 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891,2 метр урт гүүр, 80.850 метр квадрат явган зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөсөн.
Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд шинээр авто зам, гүүр барих ажил дөрөвдүгээр сарын 25-наас эхэлжээ. Тодруулбал, Гачууртын зам буюу Улиастайн тойргоос Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэл зорчих хэсэг, явган зам болон Улиастай голын дээгүүрх 97.3 метр гүүр бүхий нийт 4.27 км урт замыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК барьж байгуулах юм.
Тус авто замыг барьж, зорьсон хугацаанд ашиглалтад оруулахын тулд нийт 100 орчим нэгж талбарыг чөлөөлөх шаардлагатай болсон байна. Иймээс Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллалаа.