Хичээл эхлээд дөрөв хоносны дараа бид анх удаа хотоор гарч зугаалав. Амьтны хүрээлэн, хүүхдийн паркаар орж хагас өдрийг аваад орой нь Тайбэйд сурдаг найзтайгаа уулзахад \”Хэдхэн квадрат км газартай мөртлөө энэ тайваньчууд аягүй тэнэг ш тээ. Газар нутгийнх нь тэн хагас нь цэцэрлэгт хүрээлэн байдаг юм. Оронд нь манай дарга нар байсан сайхан сайхан хороолол босгоод өндөр үнээр зарахгүй юу?” гэнэ. Үнэхээр л хүнээ дагасан, хүнээ эрхэмлэсэн хөгжил гэж энэ байх. Тайвань хүмүүс 36 мянган кв.км /Монголоос 41 дахин бага газар нутаг дээр 7,6 дахин олуулаа…/ газартаа 23 саяулаа хөлөө жийж амьдарч байна. Түүний нэгээхэн хэсэг нь бидний зочилсон шүүхүүдийн байр авай.
Зорилго буюу Тайванийн шүүх тогтолцоо
Шүүхийн ерөнхий зөвлөлийн санаачилгаар Тайванийн Шүүх эрх мэдлийн байгууллага болон Монгол-Түвдийн хорооноос зохион байгуулж, Монголын шүүгчдийг Тайвань улсын шүүх тогтолцоо, шүүхийн байгууллагуудтай танилцуулахаар 11 дэх удаагийн аяллыг зохион байгуулсан нь энэ. Шүүх эрх мэдлийн байгууллага /манайхаар бол ШЕЗ/ шүүхийнхээ төсөв, боловсон хүчний асуудал, менежмэнтийг барьдаг, тэр ч байтугай шүүн таслах ажиллагааны тухай хуулиудаа хүртэл өөрсдөө боловсруулж, парламентаараа хэлэлцүүлэх эрх эдэлдэг юм байна. Засгийн газар, Сангийн яам нь шүүхийн төсвийн асуудал дээр зөвхөн саналын эрхтэй оролцоно, төсвийг нь хасах болон нэмэх эрхгүй. ШЭМБ-ын дарга нь Үндсэн хуулийн шүүхийн даргын албан тушаалыг давхар хаших бөгөөд Үндсэн хуулийн шүүхээсээ аваад хяналтын болон давах шат, анхан шатны бүх шүүхүүд нь энэ байгууллагын бүтцэд харьяалагддаг гэхийг сонсоод манайхны нүд духан дээрээ гарав. \”Тэгээд шүүхийн хараат бус байдал юу болох вэ? Төсвөөрөө дамжуулаад шүүхдээ хяналт тогтоочих юм биш үү?” гэх асуултад \”Шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хуулиар хориглосон л доо” гэнэ. Хориглосон болгоныг хийх, хаалт болгоныг давах гэж оролддог нь зөвхөн монгол хүнд л байдаг араншин юм болов уу даа. Өнгөрсөн хавар манайд ирсэн Германы GIZ-ийн шинжээчдээс сэтгүүлчид \”Танайд шүүгчдийн ёс зүй ямар түвшинд байна, шүүгч ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд хариуцлага хүлээлгэх механизм бий юу?” гэж асуухад \”Манай шүүгч нар барагтай бол ёс зүйн алдаа гаргадаггүй л дээ. Хууль, журамд захирагдахаасаа илүү уламжлал, соёлоороо зохицуулагдаад явдаг” гэж мад тавьсан билээ.
Түүх ба шинэчлэл
Яг үнэндээ бол Тайванийн шүүхийн тогтолцоо ч гэсэн 1990-ээд оныг хүртэл манайхаас дээрдэхээргүй байж. Шүүгч нар өөрсдийгөө төрийн албан хаагч, Засгийн газарт үнэнч байх үүрэгтэй гэж үзэж байлаа. Чан Кай Шигийн дэглэмийн жилүүдэд Тайвань улс эдийн засгаа хүчирхэгжүүлсэн хэдий ч улс төрийн хувьд авторитари буюу дарангуйлагч төр ноёлж байв. Улс төрийн эрх, чөлөөт хэвлэл бүгд хаалттай. Харин эдийн засаг нь тэлэхийн хэрээр үндэсний хөрөнгөтнүүд бий болж, гадаадад хөрөнгөө байршуулаад дотоодынхоо улс төрийн байдлыг шүүмжлэх болсон байна. Олон нийтийн зүгээс ч нэг намын дарангуйлалд сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлж, аажмаар улс төрийн сөрөг хүчин бий болж эхэлжээ. Дарангуй дэглэмийг эсэргүүцэгчид шүүхийн хараат бус байдал, шударга шүүхийг шаардаж байв. Шүүх нь олон нийтийн эрх ашгийг хамгаалж, маргааныг таслах үүрэгтэй байтал Ардын намаас /Гоминдан нам/ шүүхэд үзүүлдэг захиргааны хяналт нь ард түмнийг шүүхэд итгэлгүй болгожээ. Тиймээс дайны дараа орчин үеийн хууль зүйн боловсрол олж авсан олон залуу шүүгчид хамтран шүүхийг шинэчлэх хүчийг бий болгосон байна.
Нэгэн жишээ… Гао Шин Ү прокурор Шинжүгийн орон нутгийн шүүхэд ажиллаж байхдаа ШЭМБ-ын нэгэн албан тушаалтан өмгөөлөгчийн ажилтай эхнэрээрээ дамжууулан авлига авч, шүүгчид нөлөөлснийг илчилжээ. Шинжүгийн прокурорын газрын ерөнхий прокурор нь уг хэргийг өөр прокурорт шилжүүлэхийг оролдсон боловч Гао прокурор зөвшөөрсөнгүй. Орон нутгийн өчүүхэн прокурор нийслэл Тайбейд ирж, ШЭМБ-ын том түшмэлийг баривчлуулсан авч шүүх уг хэргийг хэлэлцээд түшмэлийг \”буруугүй” гэж үзжээ. Энэ мэдээллийг Тайванийн хэвлэлүүд өлгөж аван шуугиан дэгдээснээр ШЭМБ-ын түшмэлийн нэр хүнд газар унав. Үүний дараа Шинжүд ажиллаж байсан шүүгч, прокурор нийлсэн долоон хүн шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцэн өргөдлөө өгч, \”шүүхийн авилга, шүүгчийн хариуцлага, сахилга батад анхаарал хандуулахад” олон нийтийг уриалан ажлаа хаясан нь шүүхийн шийдвэр бичсэн шүүгчид сэтгэл зүйн том дарамт болсон гэнэ. Уг хэрэг давж заалдаж явсаар эцэстээ өмгөөлөгчийг нь \”айлган сүрдүүлсэн” хэрэгт буруутгаад түшмэл гуай гэм зэмгүй өнгөрсөн ч нийгэм даяар доод шатных нь албан хаагч дээд шатныхаа эрх мэдэлтэнг шүүхээр оруулсан эхний тохиолдол болжээ.
Бас нэгэн жишээ… Таоюаны орон нутгийн прокурорын газрын прокурор Пэн Гао Жин гэгч гольфийн талбай хөрсний усны хамгаалалтыг сүйтгэж байгаа тухай хэргийг судалж байгаад Хууль зүйн сайд нь ажлаа авахаасаа өмнө эрх бүхий байгууллагыг лоббидож гольфийн талбайн эзэнд зөвшөөрөл олгуулсныг илрүүлжээ. Прокурорын байгууллага Хууль зүйн сайдынхаа шууд удирдлагад байдаг учраас уг хэргийг цааш шалгах явцад маш олон бэрхшээлтэй учирсан байна. Ерөнхий прокурор нь түүний шалгаж байсан хэргийг өөр прокурорт шилжүүлээгүй боловч тэнд ажиллаж байсан бүх хүмүүст Пэн прокурот \”туслахгүй, харьцахгүй байх” үүрэг өгчээ. Хэсэг хугацааны дараа Пэн прокурор хэвлэлийн бага хурал зарлаж, аргагүйн эрхэнд ажлаа өгөх болсноо нулимс дуслуулан мэдэгджээ. Гэсэн ч дараа нь улс төрд орж, сөрөг намаас парламентад сонгогдсон байна.
Товчхондоо ардчиллын жилүүдэд шүүхийн шинэтгэлийн үйл явцыг шүүгчид, прокурорууд өөрсдөө түрж, эхлүүлжээ. Одоо ч гэсэн энэ үйл явц үргэлжилсээр…
Тайванийн шүүхийн бүтцийг аваад үзвэл манайхтай төстэй. Анхан шатны буюу орон нутгийн /хотуудын/ шүүх Иргэний, Эрүүгийн, Захиргааны танхимуудтай. Бидний сүүлийн гурван жил ярьж зүтгэсэн дагнасан шүүхийн нэг хэлбэр юм даа. Гэхдээ шүүгчдийг мэргэшүүлэх үүднээс Эрүүгийн танхимд 5-6 жил ажилласных нь дараа Иргэний танхимд 5-6 жил, дараа нь Захиргааны танхимд гэх мэтээр сэлгэж ажиллуулдаг юм байна. Харин Давж заалдах шатны шүүх нь Тайбэй болон том хотууддаа төвлөрч, Эрүү, Иргэний, Захиргааны гэж тус тусдаа байх юм. Хяналтын шатны шүүх нь нэг, мөн Эрүү, Иргэний, Захиргааны танхимуудтай. Сүүлийн жилүүдэд шүүхийн үйлчилгээг чанаржулах, шүүгчдийг мэргэшүүлэх, шүүхийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс Насанд хүрээгүйчүүд болон Гэр бүлийн хэргийн, Оюуны өмчийн шүүхийг орон нутгийн шүүхүүд дээрээ танхимын хэлбэрээр, давж заалдах шатны шүүхийг нь тусад нь байгуулсан байна. Удахгүй Технологийн, Бизнесийн гэсэн төрөлжсөн шүүхүүдийг шинээр байгуулахаар яригдаж байгаа гэнэ. Хаана ямар шүүх байгуулахаа бас л ШЭМБ нь бие дааж шийддэг. Авууштай нь манайхтай адил парламетаар баталсан хууль нь энд тэнд очиж бүдрээд, шинээр байгуулсан шүүхүүд нь тарж, нийлээд байхгүй юм даа. Үндсэн хуулийн шүүхээ шүүхүүдийнхээ бүтэц дотор оруулчихсан, нэг бодлогоор зангидаж асуудлаа боловсруулдаг учраас тэр биз дээ. Дээд шүүх, Үндсэн хуулийн шүүхийнхээ төсвийг ШЭМБ нь барьдаг гэх мэдээллийг сургалтад оролцсон манай зарим нөхөд лав итгэж чадахгүй, итгэхийг ч хүсэхгүй байсаар буцах шиг болсон. Тэндхийнх нь тэндээ, манай юм манайдаа шүү дээ.
Шүүхийн үйлчилгээ
Анхан шатны болон давахын шүүхүүдээр ороход нэг давхар нь тэр чигтээ Иргэдэд үйлчлэх танхим байх. Манайхаар бол нэг цэгийн үйлчилгээ. Банкны теллерийн үйлчилгээ шиг танхим дүүрэн эгнүүлсэн ширээний ард туслах ажилтнууд суугаад иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, зөвлөгөө өгдөг юм байна. Манайдаа хамгийн олон үйлчлүүлэгчтэй Хаан банк, хамгийн том барилгатай ХХБ-ны төв оффист ч иргэдэд зориулсан ийм том танхим байхгүй л дээ. Танхимын үүдэнд самбар дээр сайн дурын ажилтнуудын ажиллах цагийн хуваарийг бичсэн байна. Зохих хэмжээний хууль зүйн боловсролтой нөхөд сайн дураар ажиллаж, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдэд хуулийн зөвлөгөө өгдөг.
Шүүхээр шийдэгдэж байгаа хэргийн тоо манайтай ойролцоо. Өнгөрөгч 2015 оны байдлаар 48000 орчим хэрэг шүүхээр шийдэгдсэний 6000 орчим нь эрүүгийн, үлдсэн нь иргэний болон захиргааны хэргүүд байсан гээд бодохоор ачаалалын хувьд Монголын шүүхээс их ч үгүй, бас бага ч үгүй юм. Харин шүүгчдийн тоо бол олон. Тайваньд нийт 25 шүүх байгаагийн 20 орчим нь орон нутгийн буюу анхан шатны шүүх, давж заалдах шатны 4-5 шүүх, Улсын дээд шүүх, тэгээд Үндсэн хуулийн шүүх. Нийтдээ 2000 гаруй шүүгчтэй. Дээд шүүхийн байранд гэхэд 300 хүн ажилладгийн 78 нь шүүгч, үлдсэн нь захиргааны ажилтнууд юм байна. /Манайд бол 500 орчим шүүгчийн 25 нь Дээд шүүхэд ажилладаг шиг санах/ Гэхдээ л шүүгчээр ажиллах хүн олдохгүй байна, шүүхийн ачаалал их байна гэж ярьж байгаагаас үзэхэд хаа газрын шүүхүүд хоорондоо тийм ч ондоогүй бололтой.
Бидэнд хичээл орсон 25 жил шүүгчээр ажилласан туршлагатай, давж заалдах шатны шүүхийн шүүгч эмэгтэйн цалин ижил зиндааны прокурорын цалингаас ихгүй ч их сургуулийн профессор нөхрөөс нь хэд дахин өндөр. Гэсэн нь нөхөр нь шүүгчдийн ажлын ачааллаас болоод шүүгчээр ажиллахыг хүсдэггүй гэнэ. Дургүй ламд дарж байж сахил хүртээлтэй биш дээ. Нийгмийн бүх гишүүд нийтээрээ цалин, орлого өндөртэй учраас \”шүүгчийн цалин хараат бус байдалд нөлөөлж байна” гэж хашгираад байх нь гайгүй бололтой. 150 мянган тайван доллар гэдэг нь манайхаар бол 12 сая төгрөг орчим юм уу даа. Амжиргааны өртөг манайхаас нэлээд өндөр гэдгээр нь тооцвол энэ нь тэндээ тийм ч өндөр цалин биш бололтой. Тэглээ гээд нөгөө муу 500-гийнхаа цалинг дээр дооргүй битгий ад үзээрэй дээ. Яг үнэндээ Монголын нийгэмд дан ганц цалингаараа амьдардаг хүн тун цөөхөн. УИХ-ын гишүүдийнхээ авдаг цалинг унадаг унаа, өмсдөг хувцастай нь харьцуулаад үзээрэй. Ний нуугүй хэлэхэд ТҮК-ийн ажилтнаас бусад нь буруу, зөв ямар нэг замаар нэмэлт орлого олж байж л амь зууж байгаа. Тэглээ гээд шүүгчдээ ч гэсэн \”Цалингаасаа гадуур орлоготой бай” гэх нь дөнгөж данган эхлүүлсэн шударга ёсны эрэл хайгуулаа буцааж нураахаас цаашгүй шүү дээ.
Анхан шатны буюу орон нутгийн гурван шүүх, Иргэний, Захиргааны, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны, Оюуны өмчийн, Насанд хүрээгүйчүүд болон Гэр бүлийн хэргийн, Дээд шүүхийн гээд 8-9 шүүхийн байраар ороход шүүхийн байр болгоны үүдэнд, иргэдэд хамгийн ил харагдах талбайд тухайн шүүхийн ямар нэг билэгдэл, лого маягийн урлагийн бүтээл байрлуулсан байх юм. Тэрийгээ их гоёор тайлбарлана. Ерөнхийдөө л хүмүүс нь шүүхдээ итгэж, шүүх нь иргэдээ халуун дотноор угтаж, шударга ёсыг сахиж, сайн сайхан, гэрэл гэгээтэй амьдрал руу тэмүүлэхэд зорьсон утга санаатай. Шүүхийн байрны давхар болгонд хана туургаар нь дүүрэн хэнийх нь үл мэдэгдэх уран зураг, фото зураг эгнүүлсэн нь шүүхийн байрыг аль болох иргэдэд дулаан уур амьсгал төрүүлэх, айдас хүйдэсгүй, амгалан тайван үйлчлүүлэхэд нь анхаарсан бас нэг соёл юм даа.
Дэлхийн олонхи улс орнууд засаглалаа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал гэж хувааж, бие биенээсээ харат бус, харилцан хяналттай ажиллахыг шаарддаг. Харин Тайваньд таван төрлийн засаглал байна. Хууль тогтоох, Гүйцэтгэх засаглал, ШЭМБ, Ардын хянан шалгах хороо буюу манайхаар бол Үндэсний аудит, тав дах нь Төрийн албаны зөвлөл. Таван засаглалын тэргүүнүүд бүгд Ерөнхий сайдын статустай, бие биенээсээ хараат бусаар эрх мэдлээ хэрэгжүүлдэг. Харилцан хамаарлыг нь нэг бүрчлэн тайлбарлахад төвөгтэй ч товчхондоо төрийн үйл ажиллагааг үр ашигтай байлгах, тэр дундаа шүүхийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, иргэндээ ойр байлгах тал дээр манайхаас хол тасарчихсан, юуг ч яаж ч \”фантаазалж” чадах мэдрэмжтэй улс юм даа л гэж харагдсан. \”Ажил хийе гэсэн хүнд арга олддог” гэж манайхан ярьдаг даа. Мэдээж маргаантай, шийдэгдээгүй асуудал бол зөндөө байгаа. Шийдэхийн төлөө юуг ч яаж ч туршихад бэлэн байгаа нь гайхамшиг!
Энэ удаад харагдах байдгийн өнгөцхөн зураглалаа. Дараагийн дугаарт ерөнхийгөөс тодорхой руу, илүү нарийвчилсан мэдээлэл хүргэхийг чармайх болно.
Б.СЭМҮҮН
Эх сурвалж: Өглөөний сонин 2016.12.09