ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт Төв Азийн Туркменистан, Тажикистан улсуудад айлчлахаар болсныг Кремлийн албаны эх сурвалж өнөөдөр мэдээлжээ.
Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш тэр анх удаагаа гадаад оронд айлчлах гэж байна. Душанбе хотод тэр Тажикистаны ерөнхийлөгч Имомали Рахмонтой уулзах бол Ашгабат хотод Каспийн тэнгисийн орнуудын чуулганд оролцох ажээ.
Уг чуулганд Азербайжан, Казахстан, Иран, Туркменистаны төрийн тэргүүнүүд оролцох юм байна.
Путин хамгийн сүүлд энэ оны хоёрдугаар сард Хятадын нийслэл Бээжин хотод айлчилж, өвлийн олимпын наадмын нээлтэд оролцож байсан юм.
Бээжин 2022 өвлийн олимпын наадам өндөрлөсний дараахан хоёрдугаар сарын 24-нд Оросын цэрэг Украины нутаг дэвсгэрт халдан довтолж байв.
Энэ дайн одоо тав дах сардаа үргэлжилж байна.
Ням гарагт Германд дэлхийн Их Долоон гүрний удирдагчдын чуулган эхэлсэн юм. Энэ үеэр удирдагчдын дунд ОХУ-ын ерөнхийлөгчтэй холбоотой хошин наргиа яригдсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Уулзалтын ширээний ард суухдаа Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон хүрмээ тайлан дан цамцтай байж болох эсэхийг бусдаасаа асуусан байна.
Канадын ерөнхий сайд Жастин Трюдо албан ёсны зураг авхуулсны дараа тайлах нь зөв гэж түүнд зөвлөжээ. Жонсон тэгэхэд “Бид Путинээс дутахгүй хүчтэй гэдгээ харуулсан нь дээр байх” гэж хошигносон байна.
Хариуд нь Трюдо “Цээжээ нүцгэлээд морь унах уу” гэж наргижээ. Энэ нь 2009 онд Путиний тайгад авхуулсан гэрэл зурагтай холбоотой наргиа байв.
Эх сурвалж: Aljazeera