Шведийн ургамлын гаралтай хиймэл мах үйлдвэрлэгч Oumph! компани зах зээлийг өөртөө татахын тулд этгээд сонин бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
Энэ нь ургамлаас гаргаж авсан хүний махны амттай бургер юм байна.
“Хүний мах ямар бүтэцтэй, амттай болохыг мэдмэгцээ бид ийм бургер бүтээхээр ажиллаж эхэлсэн юм” гэж Oumph! компанийн үүсгэн байгуулагчдын нэг Андерс Линден ярьжээ.
Тус компани өнгөрсөн оны Халлоуины баяраар Стокхольм хотод шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан байна.
Өнгөрсөн сард Францын Канн хотод болж өнгөрсөн маркетингийн бүтээлч санааны Cannes Lions Festival наадмаас Oumph! компанийн “хүний махан бургер”-ын сурталчилгаа “Silver Prize” шагнал хүртсэн юм.
Тус компанийн сурталчилгааг бүтээсэн Мадрид хотод төвтэй LOLA MullenLowe агентлагийн захирал Томас Остиля “энэ бол ургамлаас гаргасан бүтээгдэхүүнээр ямар ч амьтны махыг орлуулах боломжтойг хүмүүст ойлгуулах зорилготой ажил байлаа” гэж тайлбарлажээ.
“Хүний махан бургер”-ын найрлагад шар буурцаг, мөөг, улаан буудайн уураг, ургамлын тос, халуун ногооны нууц хольц орсныг Oumph! мэдээлсэн байна.
“Энэ бүтээгдэхүүнийг бий болгоход ганц ч хүнийг хохироогоогүй болно” гэсэн тайлбарыг бас нэмжээ.
Эх сурвалж: Business Insider