Ирэх онд Энэтхэг улс хүн амын тоогоор Хятадыг гүйцэж, дэлхийд тэргүүлэхээр болжээ.
Ингэвэл НҮБ-ын урьд нь тооцоолж байснаас дөрвөн жилийн өмнө Энэтхэг дэлхийн хамгийн олон хүн амтай улс болох юм байна.
Дэлхийн хүн ам энэ оны арваннэгдүгээр сарын 15-нд 8 тэрбумд хүрэх тооцоог НҮБ өчигдөр нийтэлсэн “World Population Prospects 2022” судалгааны тайландаа танилцуулжээ. Харин 2030 онд 8.5 тэрбумд хүрэх гэнэ.
2050 он гэхэд дэлхийн хүн ам 9.7 тэрбумд хүрэх ба энэ өсөлтийн талаас илүү хувь Конго, Египет, Этиоп, Энэтхэг, Нигери, Пакистан, Филиппин, Танзани гэсэн найман улсад оногдохоор байна.
Харин Хятадын хүн ам ирэх оны эхнээс эхлэн буурах тооцоо гарчээ.
2037 он гэхэд Төв ба Өмнөд Ази дэлхийн хамгийн их хүн амтай бүс нутаг болох юм байна. 2040-өөд оны сүүлээр Африк тивийн Сахарын цөлөөс өмнөх бүс нутгийн хүн ам 2 тэрбумд хүрэх тооцоо гарчээ.
Улмаар 2100 онд дэлхийн хүн ам 10.4 тэрбумд хүрэхээр байгааг НҮБ шинэ тайландаа дурдсан байна.
Эх сурвалж: Bloomberg