ТАСС агентлаг БНАСАУ-аас ОХУ-д суугаа элчин сайдын яамны мэдээнээс иш татан тэмдэглэснээр, орон нутгийн цагаар 13-ны өглөө БНАСАУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Син Хунг Чел элчин сайдын яамандаа ОХУ дахь Донецкийн төлөөлөгчтэй хэлэлцээ хийж, БНАСАУ Донецкийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тухай албан бичиг гардуулжээ. Түүнчлэн мөн өдөр БНАСАУ-ын гадаад харилцааны дэд сайд Пхеньянд ОХУ-аас БНАСАУ-д суугаа элчин сайдтай уулзаж, Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нот бичиг гардуулсан байна.
Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг БНАСАУ хүлээн зөвшөөрсөнд Украин бүх түвшинд маш хатуу хариу үйлдэл үзүүлнэ хэмээн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский 13-ны өдөр мэдэгдсэн бол тус орны ГХЯ мөн өдөр БНАСАУ-тай дипломат харилцаа, эдийн засгийн харилцаагаа таслахаа мэдэгдсэн байна.