УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариуллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан“Багануурын ДЦС-ын төслийн үйл явц ямархуу байгаа вэ. Концессоор БНХАУ-ын компани хийх гэж байгаа гэсэн хэвээрээ байгаа юу. Бидний төв хэрэглээг хангах төслийг гадаадын концессоор хийж байгаа нь хэр зохимжтой вэ” гэж асуув.
Хариуд нь Эрчим хүчний сайд Н.Тавинбэх“Багануурын ДЦС-ын төсөл туйлын бүтэлгүй байна. Анх их сайн гэрээ хийсэн юм билээ. Ажил эхлээд явж байхад нь монголын талаас тодорхойгүй шалтгаанаар зогсоосон. 2020 онд бүх гэрээг хийгээд концесс эзэмшигчид өгсөн. Концесс эзэмшигч санхүүжилтээ босгохоор явсан. Санхүүжилтээ хөөцөлдөж байх хугацаанд Ши Жиньпин даргын үгтэй холбоотойгоор нүүрсний технологиор ажилладаг эх үүсвэрийг санхүүжүүлэх ажлыг зогсоосон. Гэхдээ 2022 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооноос тусгай горимоор санхүүжүүлэх төсөлд оруулсан. Тиймээс концесс эзэмшигч хүсэлтээ гаргавал санхүүжилтийг ярилцахаар байна гэдгээ мэдэгдсэн. Харамсалтай нь концесс эзэмшигч хүсэлтээ гаргахгүй байсаар долдугаар сарын сүүлээр санхүүгийн хувьд энэхүү төслийг цаашид үргэлжлүүлж чадахгүй болсон. Тиймээс хувьцаагаа шилжүүлэх хүсэлтэй байна гэдэг албан бичиг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэ төсөл тодорхойгүй хугацаагаар гацлаа.
Энэ бичиг ирсэнтэй холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзахад “Энэ цөмийн энергийн компани энэ чиглэлээр ажиллана. Эрчим хүч, нүүрсний технологид оролцох боломжгүй. Энэ компани хувьцаагаа дотооддоо шилжүүлээд хэвийн үргэлжлүүлэх компани олно гэдэг эргэлзэж байна” гэдэг хариу өгсөн. Тэгэхээр концессоор баригдах 700 мВт-ын хүчин чадалтай Багануурын ДЦС-ын төсөл тодорхойгүй хугацаагаар гацлаа. Одоо бид энэ станцын орон зайг хангахаар шуурхай ажиллаж, техникийн шийдэл гаргахгүй бол болохгүй” гэлээ.