НИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын тухай мэдээлэл, танилцуулга хийгдэж байна.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга “Танилцуулгаас дүгнэхэд энэ жилийн улс, нийслэлийн төсвөөр хийгдэх ажлуудаас 87% нь зарлагдсан, 42.6%-ийн гүйцэтгэлтэй, 26%-ийн санхүүжилт гарсан байна. Өөрөөр хэлбэл ажлууд удаашралтай байна” гээд санал, шаардлага хэлсэн юм.
Тэрбээр “Засгийн газар улс төсвөөс 420 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад зориулан өгсөн. Гэвч энэ ажил хийгдэхгүй байна. Эхний ээлжид НИТХ-ын төлөөлөгчид нийлээд МАН-ынхаас ажлаа хийхийг шаардъя. Улстөржиж байна гэж битгий бодоорой. Ажлаа хийхийг Засгийн газрын түвшинд шахъя, өөр арга байхгүй. Биднээс гадна залуучууд, иргэд ч шаардаж байгаа. Одоо хотын сайдтай боллоо. Хотын сайдыг ажлаа хийхийг шахъя. Бүгдээрээ энэ асуудалд хамтрахыг хүсэж байна” гэлээ.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Зүй ёсны шаардлага байна” хэмээн дэмжив.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд 550 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд үүн дээр он дамжин хийгдэж буй 183 төсөл, арга хэмжээ байгаа юм. Орон нутгийн хөгжлийн сан, улсын төсвөөр эрх шилжиж ирсэн төсөл арга хэмжээтэй нийлээд зарласан худалдан авах ажиллагаанууд 42 хувийн гүйцэтгэлтэй байна.
Гэрээ хийгдсэн 327 ажил байгаа бол, тендерийн материал хүлээн авч байгаа, зураг төсөв ажлын даалгаваргүй, тендерийн баримт бичиг боловсруулж байгаа шатандаа олон ажил явж байгааг төлөөлөгчид онцолж байлаа.
Худалдан авах ажиллагаа амжилтгүй болсон цөөнгүй ажил байгааг задалбал, 26 төсөл арга хэмжээг 3 удаа зарлаад амжилтгүй болсон Мөн 4 удаа зарлаад амжилтгүй болсон 15 ажил, 5 удаа тендер зарлаад хэрэгжүүлэгч орж ирээгүй 11 байна.
12 удаа тендер зарласан боловч сонирхогч аж ахуйн нэгж орж ирээгүй нэг ажил байна.
Бараа материалын үнийн өсөлт, хил гаалийн саатал, боловсон хүчний нөөцийн дутагдалтай зэрэг олон асуудал төлөвлөгөөт ажлуудыг саатуулж буйг тэд хэллээ.