Хятадын хууль зүйн сайдаар ажиллаж байсан Фу Жэнхуаг авлигын хэргээр шүүж, цаазын ял оноожээ.
Фу Жэнхуа нь 117 сая юанийг бэлэг, бэлэн мөнгө хэлбэрээр хувийн ашиг сонирхлоор бусдаас авсан хэрэгт буруутгагдан өнгөрсөн долдугаар сард шүүхээс ял сонссон юм.
Фу Жэнхуагаас өмнө гурван мужид цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан хүмүүсийг шүүж, ял оноосон байна. Тэд бүгд Хятадын аюулгүй байдлын нөлөө бүхий эрхэм Сун Лижуны улс төрийн хүрээний хүмүүс аж. Сун Лижун нь улс төрийн бүлэглэл үүсгэх замаар аюулгүй байдлын аппаратын бусад албан тушаалтнуудад тусалсан гэж буруутгагджээ. Тэрбээр өдгөө шүүх хурлаа хүлээж байна.
Фу Жэнхуа нь 2018-2020 оны хооронд Хятадын хууль зүйн сайдаар ажилласан. Тэрбээр цагдаагийн офицероос Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч дарга болтлоо дэвшсэн нэгэн юм.
Тэрбээр хууль зүйн сайдаар ажиллах хугацаандаа Хятадын нөлөө бүхий эрхэм болох аюулгүй байдлын дарга асан Жоу Юнкан болон түүний хүрээллийн олон улстөрчийг авлигын хэргээр шалгаж, яллаж байсан юм.
Гэвч өнгөрсөн оны аравдугаар сараас намын дотоод хяналтын газраас Фу Жэнхуаг мөрдөн шалгаж эхэлжээ. Улмаар өнгөрсөн жил нийтийн албанаас чөлөөлөгдөж, энэ оны гуравдугаар сард Коммунист намаас хөөгдөж, сарын дараа авлигын хэрэгт сэжиглэн баривчилсан байдаг.