Сангийн яам ирэх оны улсын төсвийн төслийг пүрэв гарагт УИХ-ын даргад өргөн барина. Сангийн яамны мэргэжилтнүүд төсвийн төслийг боловсруулж дуусжээ. Ирэх оноос эхлэн хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт л олгоно, өндөр орлоготой иргэдэд олгохгүй талаар бид мэдээлсэн. Ингэснээр нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно.
Мөн өмнөх хөрөнгө оруулалтуудыг дуусгах, ам.долларын гадагшлах урсгалыг хянах зорилгоор 2023 онд улсын төсвөөр шинээр барилга байшин барих гэх мэт хөрөнгө оруулалтын төслүүдийг шинээр эхлүүлэхгүй.
Мөн нэг сард 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай иргэд 20 хувийн ХХОАТ (хувь хүний орлогын албан татвар) төлөхөөр төсөлд тусгажээ. Хэн илүү орлоготой, тэр хүн илүү өндөр татвар төлөх зарчимд шилжих цаг болсон гэж Сангийн яам үзэж байна. Одоо орлогын хэмжээнээс үл хамааран бүх хүн 10 хувийн, ижил хэмжээтэй татвар төлж байна.
2023 оноос эхлэн нэг сарын
- 10 сая хүртэл төгрөгийн цалинтай бол 10 хувийн
- 15 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой бол 15 хувийн
- 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай бол 20 хувийн татвар төлж эхэлнэ.
Манай улсад 1.3 мянган хүн 10 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай. Уул уурхайн компаниуд, банкууд гэх мэт ТОП 100 ААН-ийн удирдах түвшний хүмүүс л ийм хэмжээний цалин авдаг хэмээн Сангийн яамнаас танилцуулав.
Ингэхдээ иргэн А 20 сая төгрөгийн цалин авдаг бол эхний 10 сая төгрөгийн цалиндаа 10 хувийн ХХОАТ төлж, үлдсэн 10 сая төгрөгөөсөө 20 хувийн татвар төлөх аж.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нэг сарын 2.5 сая ба түүнээс дээш төгрөгийн иргэдээс илүү өндөр татвар авах санал дэвшүүлсэн ч олон нийтийн эсэргүүцлийн улмаас хэрэгжүүлж чадаагүй юм. Харин Сангийн яам энэ удаад босгыг 10 сая төгрөг хэмээн өндөр тогтоожээ. ҮСХ-ноос мэдээлснээр манай улсад дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа юм.
ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЯМАР ОРЧИНД БОЛОВСРУУЛАВ?
Дэлхий даяар өндөр инфляцтай байна. Инфляцын өсөлт саарч байгаа ч огцом буурахыг хүлээж болохгүй. Дийлэнх орнуудын Төв банкууд мөнгөний хатуу бодлогод шилжиж, бодлогын хүүгээ өсгөж байна. Энэ жишгээр Монголбанк бодлогын хүүг 10-аас 12 хувь болгон өсгөв. Бид удаан хугацааны турш 10 хувийн бодлогын хүүтэй явсаар ирсэн.
Урд хөршийн эдийн засаг манай улсад шууд нөлөөлдөг тул тус улсын 2023 оны эдийн засгийн өсөлт бидэнд чухал. БНХАУ 2023 онд 4.9 хувиар өснө гэж Дэлхийн банк тооцоолсон бол ОУВС 4.6 хувь гэжээ.
Ирэх онд манай экспортын голлох түүхий эд болох нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ унах эрсдэлтэй байна. Иймд болгоомжилсон бодлого явуулна гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзахдаа онцлов.
Тэрээр “Төв банк бодлогын хүүг 11 хувьд хүргэх байх гэсэн хүлээлт надад байсан. Арилжааны банкууд ЖДҮ эрхлэгчдэд олгодог зээлээ хэдийнэ хумьсан. Одоо бодлогын хүү 12-т хүрснээр иргэдийн болон томоохон байгууллагуудад өгдөг зээлийн хэмжээ ч буурна. Энэ нь эдийн засгийн өсөлтөөс чангаана. Эдийн засгийн өсөлт саарсан бол дахин сэргээхэд цаг их орно, өртөг өндөртэй. Гэхдээ Төв банк биз даан шийдвэр гаргах эрхтэй” гэв.
Хэдхэн сарын өмнө 4.1 тэрбум ам.доллар байсан гадаад валютын нөөц 2.6 тэрбум ам.доллар болж буурсан. Иймд гадаад валютын нөөцөө хадгалах шийдвэрт хүрчээ. Ингэснээр Төвбанк арилжааны банкуудын ам.доллар худалдан авах хүсэлт бүрийг хүлээн авахгүй, өнөөдөр 3301 төгрөгт хүрсэн ам.долларын үнэ ахин өсөх эрсдэлтэй.
ИРЭХ ОНД ТӨСВИЙН ОРЛОГЫН СУУРИЙГ ДАРААХ БАЙДЛААР ӨРГӨТГӨНӨ:
- ХХОАТ-ыг шаталсан байдлаар авдаг болно. Хэн илүү орлоготой, тэр хүн өндөр татвар төлнө.
- 250 сая ба түүнээс дээш үнэтэй автомашины татварыг нэмнэ.
- Автомашины насжилтаар татвар ногдуулна, он хуучин машин илүү өндөр татвар төлнө.
- Тамхины татварыг нэмнэ.
- Цахилгаан тамхины татварыг нэмнэ.
- ААН-үүдийн төлдөг цахилгаан, дулааны тарифыг чөлөөлнө.