Хятадад цэргийн эргэлт болж, Ши Жиньпин дарга гэрийн хорионд орсон гэх цуу яриа хэд хоногийн өмнө гарсан. Тэгвэл Төв Азид хийсэн айлчлалаасаа хойш анх удаа Ши Жиньпин олны өмнө гарч ирлээ. Ши Жиньпин удирдагчийн бүрэн эрхийн хугацаанд Хятадад гарсан ололт амжилтуудыг харуулсан үзэсгэлэн Бээжин хотноо нээгдсэн бөгөөд энэ үзэсгэлэнд Ши Жиньпин өөрийн биеэр оролцжээ.
Удахгүй болох Коммунист намын их хуралд оролцох 2300 төлөөлөгчийн нэрийг өнгөрсөн Ням гаригт зарласан.
Төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтад Ши Жиньпиний нэр багтсан нь сүүлийн өдрүүдэд гарсан олон цуу яриаг намжаажээ. Таван жилд нэг удаа болдог Хятадын коммунист намын их хурал ирэх сарын 16-нд болно. Ши Жиньпин гурав дахь удаагаа удирдагчийн бүрэн эрхийн хугацаагаа баталгаажуулах төлөвтэй байгаа эл хурлын өмнө өндөр албан тушаалтнуудад цэвэрлэгээ хийсэн. Тодруулбал, Аюулгүй байдлын сайд Сун Лижюнь, Хууль зүйн сайд асан Фу Жэнхуа нарыг авлигын хэргээр баривчилжээ. Мөн Шанхай, Чунцин, Шаньси хотын цагдаагийн дарга асан нар баривчлагдсан.
Эх сурвалж: SCMP