“Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Сангийн сайд Б.Жавхлан илтгэл тавьж байна.
Б.Жавхлан: Ирэх жилийн төсвийн гол онцлог нь Төрийн хэмжэлтийн хуулийн хүрээнд өргөн барьж буй анхны төсөв боллоо. 2023 онд хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжих хүрээнд
- Уул уурхайн салбараас бусад компани хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаж, нээлттэй компани болж буй тохиолдолд хувьцааны ногдол ашгийн татварыг 5 хувь болгон бууруулна.
- IPO хийхтэй холбоотой гарсан зардлыг 20 хувиар нэмэгдүүлж тооцно
- Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжиж 10, 25 хувь байдаг татварыг тэглэнэ.
- IT компаниудын гадаад руу хийж буй гүйлгээний суутгах шимтгэл 20 байдгийг 5 хувь бууруулна.
- Гарааны компаниудыг эхний гурван жил татвараас чөлөөлдөг байсныг таван жил болгож нэмэгдүүлнэ гэж төсвийн төсөлд тусгасан.
Мөн энэ удаагийн төсвийн бодлого Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих түгжрэлийг бууруулах хүрээнд
- Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобусыг 2024 он хүртэл импортын гааль, НӨАТ-аас чөлөөлнө.
- Ажилчдидаа нийтийн тээврээр зорчих тасалбар, эрх олгосон ААН-үүдэд татварын хөнгөлөлт олгоно.
Орлогын хэмжээнээс шаталсан татвар нийт 817.2 мянган татвар төлөгч иргэдийн өндөр цалинтай орлоготой 1.3 мянга буюу 0.1 хувьд шаталсан татварт шилжинэ.
2023 онд үр дүнд суурилсан цалингийн системийг нэвтрүүлнэ. Энэ аргыг бид 2022 онд хэрэгжүүлсэн бөгөөд маш их үр дүнтэй байсан. Төрийн үйлчилгээний 295 ялгаатай цалинг 59 болгосон. Энэ ажлыг үргэлжлүүлнэ. Өнөөдөр бид таван жилээр ажилласан жилийн нэмэгдэл олгодог байсан бол одоо жил жилээр нь тооцон олгоно.
Уул уурхайн компаниас өгдөг хандив, тусламжийг орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр болгоно.
Сүүлийн үед олон нийтийн дунд маш их хэлэлцэгдэж буй сэдэв бол хүүхдийн мөнгө. Цар тахлын үед хүүхдийн мөнгө айл өрхийн орлогын эх үүсвэрийн тодорхой хувийг бүрдүүлж байсан. Дундаж өрхүүд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн хэрэглээндээ зарцуулж байгаа бол дээгүүр орлоготой иргэд үүнийг хуримтлуулах хандлагатай байна. Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн 100 мянгаар олгох эсэхэд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болсон. Иймээс өндөр орлоготой иргэд хүүхдийн мөнгөнөөс сайн дураар татгалзах бодлого хэрэгжүүлнэ.
2023 оны бондын эргэн төлөлтүүд:
- тавдугаар сарын 1-нд Гэрэгэ бонд 533.1 сая ам.доллар /Засгийн газрын бонд/
- аравдугаар сарын 23-нд Сэргэн мандалт 500 сая ам.доллар /Хөгжлийн банкны бонд/
- 12 дугаар сарын 25-нд Самурай бонд 30 тэрбум иен /Хөгжлийн банкны бонд/