Энэтхэгийн Гужарат мужид гүүр нурсны улмаас 132 хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг явдал болсон байна. Гужарат мужийн Морби хот дахь Мачу голын дээгүүрх явган хүний дүүжин гүүр орон нутгийн цагаар ням гаригийн 18 цаг 40 минутын үед нурсны улмаас маш олон хүн голын усанд унажээ. Гүүр нурах үед гүүрэн дээр 400 орчим хүн байсан бөгөөд уснаас 80 гаруй хүнийг эсэн мэнд, гарган авч аварсан байна. Сонирхолтой нь энэхүү гүүрийг засварт оруулж, янзалж дууссанаас ердөө 4‑хэн хоногийн дараа ийнхүү нурсан байна.
Жуулчдын үзэж сонирхох дуртай газруудын нэг болох, Жулто Пүүл хэмээн нэрийддэг 230 метр урт уг гүүрийг 19 дүгээр зуунд, Британийн колоничлолын үед анх барьж байсан ажээ. Харин гүүр нурах болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч орон нутгийн албаныхны зүгээс эдгээр өдрүүдэд тохиож байгаа Дивали баярын үеэр иргэд олноороо гүүрэн дээр очиж, даацыг нь хэтрүүлсэн гэж үзсэн байна.
Дивали баярыг тохиолдуулан өөрийн төрөлх Гужарат мужид 3 өдрийн хугацаанд айлчилж байгаа Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди болсон үйл явдалд гүнээ харамсч байгаагаа илэрхийллээ. Тэрээр бэртэж гэмтсэн болон амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд нөхөн олговор олгох болно хэмээн зарлажээ. Тодруулбал амь үрэгдсэн иргэдийн ар гэрийнхэнд мужийн захиргааны зүгээс 400 мянган рупи /4860 ам.доллар/, Ерөнхий сайдын албаны дэргэдэх Үндэсний тусламжийн сангаас 200 мянган рупи-гийн /2430 ам.доллар/ нөхөн олговор олгохоор болсон байна. Гүүрнээс усанд унасан иргэдийг аврах ажиллагаа одоо ч үргэлжилсээр байна.
Эх сурвалж: Reuters