УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж эрх баригч намыг асуудлаа дотроо ярихыг сануулж чуулганы эхэнд сөрөг хүчин үг хэлж байх нь зүйтэй хэмээлээ.
Тэрбээр “М.Оюунчимэг НББХ-ны дарга байхдаа С.Чинзориг даргатай ажлын хэсэг огт байгуулагдаагүй байсныг өчигдөр мэдлээ. Энэ асуудлын тухай тушаал огт гаргаагүй юм байна. Тиймээс эрх баригч нар 7 биш 5 жилээр тэтгэврээ тогтоолгодог болъё гэдэг хуулийг хэлэлцэх сонирхолгүй байгаа юм байна. Тиймээс арваннэгдүгээр сарын 08-нд 12.00 цагт төв талбайд уулзацгаая ахмадуудаа. Нэг их олуулаа хэрэггүй. Эхний 200–300 хүний автобусны мөнгийг өгнө, халуун аарц өгнө өө. Гэхдээ цөөхөн гэсэн гээд бусдадаа битгий найдаарай бүгдээрээ ирэхийг бодоорой. Энэ хуулийг хэлэлцүүлэхгүй бол болохгүй байна. Нийт тэтгэвэр авч байгаа хүмүүсийн чинь 91 хувь нь цаашид 93 хувь нь 400–500 мянган төгрөгийн л тэтгэвэртэй байх гээд байна. Хамгийн доод хэмжээндээ л байгаад байх юм байна.
Хоёрдугаарт, Эрх баригч нар дотроо асуудлаа ярь. МАН-ынхаа бүлгийн хуралдаан дээр ярь. Энд яригдаад байгаа асуудал чинь та нарын л өөрсдийн чинь асуудал байгаа. УИХ‑д оруулж ирээд хэрэлдээд байх юм. Ц.Даваасүрэн гишүүнийг Төсвийн байнгын хорооны дарга болгочихгүй яасан юм бэ та нар. Сайд болгочихгүй. Ингээд хэрүүл хийгээд байх юм. Үүнийгээ дотроо ярьж байгаарай. Эрх баригч нар чуулганы эхэнд үг хэлэх зохисгүй юм байгаа юм. Сөрөг хүчин л үг ээ хэлдэг баймаар байна” гэлээ.