Би Улаанбаатар хотын уугуул иргэн. Эцэг эхээсээ арвуулаа. Залуудаа цэрэгт явж ирээд автобусны жолооч хийж байлаа. 26 жилийн турш ингээд гудамжинд ном зараад амьдралаа залгуулж байна.
Ном зарах их буянтай ажил шүү. Энэ ажил надад төдийгүй залууст ч үр өгөөжөө өгч байгаа байх. Ах дүүдээ тээр болсонгүй, үр хүүхдээ өлсгөсөнгүй, хэн нэгнээс гуйлга гуйсангүй, ард түмэндээ муу зүйл хийж үзсэнгүй. Гэр бүлээ тэжээж дөнгөөд л байна.
Байхгүй юмны төлөө зовохгүй, байгаа зүйлдээ эвлэрч, хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарч л байна. Ном л уншдагийнх байлгүй дээ. Хүүхдүүддээ муу үйл хийлгэж сургасангүй, хүүхдүүд минь өдийг хүртэл өвдөж биднийг зовоосонгүй, тэдэндээ нэг ч шахмал эм уулгасангүй. Энэ бүхэн дөрөвдүгээр ангийн боловсролтой надад ном уншсанаар мэдсэн зүйлс гэж хэлж болно.
Залууст зарж буй номоо тайлбарлах, уншсан номоо ярьж өгч ном унших хүслийг нь төрүүлэх шиг сайхан юм байдаггүй. Хүний амьдрал болсон хойно сорилт, саад бэрхшээл, зовлон тохиолдолгүй л яахав. Энэ бүхнийг номонд шингэсэн эцэг, өвгөдийнхөө арга ухаанаар даван туулж ирсэн.
Эцэг өвгөдийнхөө сургаалиар явж авах гээхийн ухаанаар хандаж явбал лав л муу хүн болохгүй. Ном шагайдаггүй хүн бол гадныхны хэлдгээр үхэр Монгол болохоос яах юм. Залуучууд минь сайн номыг шилж уншиж байгаарай. Өнгөрсөн ба одоо үеийн хүмүүстэй холбох гүүр гагцхүү ном юм шүү.