Өчигдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Боксбург хотод шатахуун тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас найман хүн амь үрэгдэж, 50 орчим хүн шархдаж, их хэмжээний эд хөрөнгө сүйджээ.
Намхан гүүрний доогуур гарахдаа автомашины дээд хэсэг гүүрийг шүргэснээс гал авалцаж, дэлбэрсэн байна.
Дэлбэрэлт маш хүчтэй байсан тул гүүрний ойр орчмын орон байр, автомашинуудыг сүйтгэжээ.
Осол гарсан Боксбург нь тус улсын хамгийн том хот Йоханесбургээс зүүн зүгт 20 км зайтай оршдог юм. Хотын оршин суугчид ийм том осол өмнө нь харж байгаагүйгээ орон нутгийн хэвлэлд ярьжээ.
Хотын захиргаа ослын шалтгааныг мөрдөн шалгаж, гэм буруутныг олж тогтоохоор ажиллаж эхэлснээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Associated Press