УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл хангах, нөөцийн мах худалдаалах арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан “Малаа тэжээх өвсгүй байгаа малчдад өвс тэжээлийн үнэ хүнд тусаж байна. Ноолуурын үнийн асуудлыг малчид чих тавин хүлээж байгаа” хэмээв.
Харин ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Ногоон тэжээлийг сум болгон тарих бодлого хэрэгжүүлмээр байна. Сумдаас санал авч, ногоон тэжээлийн үрээр хангах ажлыг зохион байгуулна.
Ноолуур бол хаврын тарчиг үед малчдыг санхүүжүүлдэг үнэ цэнэтэй түүхий эд. Энэ жилийн ноолуурын үнэ өнгөрсөн жилийнхээс буухгүй. Магадгүй бага зэрэг өсөлттэй байх дүр зураг харагдаж байна. Яагаад гэвэл ноолуурын үндэсний компаниуд барууны орнуудтай гэрээгээ өнгөрсөн жилийнхээс буухааргүй хийж байгаа.
Зарим аймагт 130-150 мянган төгрөгийн урьдчилгаа тараагдсан учраас ноолуурын уна унахгүй гэсэн ерөнхий чигтэй байна. Мэдээж хэрэг ноолуурын үнийг яам тогтоохгүй. Зах зээлийнхээ зарчмаар явна” гэв.
Тэгвэл ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Есөн банканд 500 тэрбум төгрөгийн ноолуурын эргэлтийн хөрөнгийн зээл гаргасан. Арилжааны банкуудтай гэрээ байгуулж, 40 орчим үндэсний үйлдвэрлэл тус зээлд хамрагдахаар байгаа. Тиймээс ноолуурын үнэ өнгөрсөн жилээс ахицтай байна.
Хүнсний ногооны 10 га талбайн агропарк барих ажил бий. Ойролцоогоор нэг тэрбум орчим хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоолол гарсан” гэдгийг хэллээ.