Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол таван өдөр үргэлжилж өндөрлөлөө. Сонсголын төгсгөлд Хөгжлийн Банкны мөнгөн хөрөнгийн удирдлагын үр дүн болон арилжааны банкаар дамжуулан олгосон зээлийн асуудлыг хэлэлцсэн юм.
Энэ талаар түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Эхний шатны сонсголд 166, хоёр дахь шатанд 67, гурав дахь шатны сонсголд 123 хүн гэрчээр оролцож, нийт 356 хүн хүрэлцэн ирсэн байна.
Нээлттэй сонсголын хүрээнд 672 хүнийг гэрчээр дуудсан ч 356 буюу 53 хувь нь ирсэн юм.
- Нэг дэх сонсголд Хөгжлийн Банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлийн 3.3 их наяд төгрөг
- Хоёр дахь сонсголд нийт 355 зээлийн 2.9 их наяд төгрөг
- Гурав дахь сонсголд 2,542 төсөл хөтөлбөрийн хүрээнд 1.6 их наяд төгрөгийн дамжуулан зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Түүнчлэн сүүлийн 10 жилийн хугацаанд хийгдсэн мөнгөн удирдлагын асуудлыг 3,600 гаруй гэрээнд дүн шинжилгээ хийх замаар хэлэлцэн танилцууллаа.
УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасанчлан түр хорооноос гарсан санал дүгнэлтээ боловсруулж, дөрөвдүгээр сарын 15-нд багтаан УИХ-д танилцуулах юм.
Гуравдугаар сараас есдүгээр сар хүртэл тасралтгүй ажилласан хяналт шалгалтын ажлын үр дүнг бид бүхэн сонссон. Сонсголын хугацаанд шинжээчийн дүрсийг өгөөгүй. Одоо ил гаргаж болох байх. Түр хорооны анхны дарга гишүүд, шинжээч, хяналт шалгалт хийсэн бүх хүнд, Хөгжлийн Банкны одоогийн удирдлагуудад, дата анализ хийсэн н.Мөнхбатад талархал илэрхийлье.
Батлагдсан төсөв хөрөнгө эхний сонсгол яваад дууссан. Тиймээс төсөв хөрөнгийн хувьд тасралтгүй хангаж, манлайлал үзүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Тамгын газар, Түр хорооны ажлын албаныханд баярлалаа.
Хөгжлийн Банканд юу болж өнгөрснийг гурван сарын турш гурван саяулаа улс төржүүлэхгүй, цензургүйгээр үзлээ. Иймд иргэдийн саналыг гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд УИХ-ын d-Parliament платформоор дамжуулан авна.
“Сайн төрийн дээр хууль ноёлж байг” хэмээх Б.Чимид багшийнхаа үгээр сонсголоо өндөрлүүлье” хэмээв.