Манай нүүрсний хулгай Оросын “Манжин” үлгэртэй яг адилхан. “…Маш том манжин” гэдэг шиг олон жил үргэлжилж, гүн гүнзгий суусан, углуурга сайтай. Ганцхан угзралтаар гаргаад ирэх боломжгүй аж. “Манжин” үлгэрт гардаг шиг маш олуулаа “татаж” байж л шийдэх бололтой. Өнгөрсөн долоо хоногт доо, УИХ-аар энэ хэрэгт нэр холбогдсон гурван гишүүнийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх гэж юу болов доо. Хоёр гишүүнийг түдгэлзүүлж, нэгийг нь авч үлдсэн. Гэхдээ энэ санал хураалтын өмнө, хойно нэлээд үйл явдал өрнөлөө.
Ер нь бол “…Тэгье тэгье, бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулъя” гэсэн гишүүн гарсангүй. Гурвуулаа “…Би буруугүй. Хэлмэгдэж байна” гэж мэдэгдэв. Ерөнхий прокурорыг санал хүргүүлэхтэй зэрэгцээд зарим нь хөдөлгөөнд орж, бүрэн эрхтэйгээ үлдэх бүх аргыг хэрэглэж үзжээ. Энэ талаар хэвлэл, олон нийтийн сүлжээ, бусад эх сурвалжууд зогсоо зайгүй мэдээлэв.
Чуулганаар санал хураахад гишүүдийн 72 хувь нь Т.Аюурсайханыг, 53 хувь нь Д.Бат-Эрдэнийг, 47 хувь нь Н.Наранбаатарыг түдгэлзүүлэх санал өгчээ. 50 хувьд хүрээгүй учир Н.Наранбаатар нь бүрэн эрхтэйгээ үлдчихэж байгаа юм. Харин Д.Бат-Эрдэнэ гишүүдийн 53 хувийн буюу ганц хоёрхон саналаар бүрэн эрхээсээ салсан нь МАН-д ч, АН-д ч асуудал үлдээлээ. МАН-ын тухайд УИХ дахь бүлэг нь гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан. Харин тус намын 19 гишүүн Д.Бат-Эрдэнийг авч үлдэх санал өгсөн байгаа юм. Эх сурвалжуудын мэдээллээс харахад, МАН-ынхан “…Асуудлын гол нь Д.Бат-Эрдэнэдээ бус тэдгээр гишүүний санал нь нүүрсний хулгайг хамгаалж, бүлэглэлийн талд ажилласан явдал болсон” гэж үзэж буй бололтой. Тэр утгаараа, тийм санал өгсөн “нүүрсний 19” гишүүн нэлээд “юм” дуулах даг.
АН-ын шинэ дарга Лу.Гантөмөр ёстой л “…Мордохын хазгай” болсон. Улс төрийн анхны шийдвэр дээрээ унасан. АН-ын дарга нь Лу.Гантөмөр хэдий ч гэрчилгээ нь Х.Баттулгад, тамга нь С.Эрдэнэд байгаа гэцгээж байна. Шүүхийн шийдвэрүүд ч тэгж гарсан байна. Хэдийгээр шүүхийн шийдвэрүүд хоорондоо эсрэг тэсрэг, зөрчилтэй гарсан ч нийлүүлээд “уншвал” АН-ынхныг “…Дотроо учраа олчих” гэж буй мэт байгаа юм.
Ямартай ч АН-ын дарга Лу.Гантөмөр нь намынхаа гэрчилгээ, тамга хоёртойгоо ижил хэмжээнд л яригдах боллоо. Өөрөөр хэлбэл, түүнийг АН-ын дарга хэвээр үлдээх эсэх талаар ч яригдаж магадгүй болсон байна. Үүний зэрэгцээ үлдэж хоцорсон Н.Наранбаатарын нэрийг Ерөнхий прокурор УИХ-д дахин оруулж магадгүй болжээ.
“…Н.Наранбаатар Д.Бат-Эрдэнэтэй нэг хэрэг дээр хамт шалгагдаж байгаа. Тэгэхээр тэрбээр бүрэн эрхтэйгээ байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулна” хэмээн мөрдөгчид үзэж буй юм байна. Тиймээс Ерөнхий прокурор түдгэлзүүлэх саналаа дахин гаргах бололтой.
Ер нь бол Н.Наранбаатарын нэрийг АТГ-ынхан анхнаасаа л зарласан. Эхлээд 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд 17 хүний нэрийг зарлахад түүнийх багтсан. Дараа нь тус газраас 2023 хоёрдугаар сарын 28-нд мэдээлэл хийсэн. Тэгэхэд “…Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл нийтийн албан тушаалтан 42 байна. УИХ-ын зарим гишүүнийг яллагдагчаар татсан” гэж АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн ярьсан. Тодруулбал, УИХ-ын зургаан гишүүнийг “…Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан” асуудлаар шалгаж байгаагийн нэг нь Н.Наранбаатар болохыг хэлсэн. Мөн 2023 оны гуравдугаар сарын 14-нд Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн “…Нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах явцад зарим нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүнийг мөрдөн шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байна” гэж мэдээлсэн. Харин Н.Наранбаатарын тухайд нүүрсний хулгайл холбоотой гэх 17 хүний дунд нэр дурдагдсан 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд л “…Миний нэрийг нүүрсний хулгайтай холбогдуулж зарлалаа. Надад нүүрстэй холбогдсон ямар ч бусармаг зүйл байхгүй. Манай нутгийнхан мэднэ. Надаас хууль, хяналтын байгууллага нэг ч удаа дуудаж мэдүүлэг аваагүй. Тиймээс би холбогдох байгууллагуудаас тодруулахаар хүсэлт гаргалаа” гэсэн. Үүнээс хоёр хоногийн дараа УИХ-ын чуулган дээр “…Яагаад намайг холбогдуулсан бэ гэдгийг намайг дуудаж асуугаагүй учраас мэдэхгүй байна. Би бодохдоо хулгайн асуудалтай холбоотой ордууд Өмнөговьд байгаа учраас аймагтай хамаатуулж байгаа байх. Миний бие 2016-2020 оны хооронд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Олон олон сонгогчдоо харж байгаад, чуулганд ганц баттай зүйл хэлье. Уг хулгайн асуудалд миний бие оролцоогүй.
Та бүхэн баттай итгэж болно. Хууль хяналтын байгууллагаар шалгуулна, татгалзахгүй. Хууль хяналтын байгууллага жинхэнэ холбогдогч уу үгүй юу гэдгийг гаргаад ирнэ гэдэгт найдаж байна” гэж байсан юм. Сүүлд Ерөнхий прокурор УИХ-д гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал илгээсний дараа “…Би нүүрсний хэрэгт хамааралгүй тул бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэж байсан юм.
Бас нэг анхаарал татсан мэдээлэл өнгөрсөн долоо хоногт эдгээр гишүүдийг хэлэлцэх үеэр яригдсан. Чуулганаар нууц санал хураалт эхлэхийн өмнө Д.Бат-Эрдэнэ “…Д.Бат-Эрдэнэ гишүүн чуулганы хаалттай хуралдааны үеэр “Та бүхэн миний бүрэн эрхийг түтгэлзүүлж болно оо. Бараг ч тэгэх байх. Гэхдээ та бүхэн Өмнөговьчуудын сонголтыг хүндэтгээд УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг бүрэн эрхтэй нь үлдээгээрэй. Өмнөговийн иргэдийн сонголтын ядаж 50 хувь нь энэ танхимд үлдээд ажлаа үргэлжлүүлээд, өмнөговьчуудын саналыг илэрхийлж байх ёстой шүү” гэдэг агуулга хэлжээ. Ийм мэдээллийг түүний тун ойроос олон нийтийн сүлжээнд шидсэн байдаг. Д.Бат-Эрдэнийг үг нөлөөлсөн үү, өөрийнх нь “хүсэлт” дүнгээ өгсөн үү, УИХ түүнийг авч үлдэхээр шийдсэн. Харин хууль хяналтынхан Н.Наранбаатарыг дахиад “нэхэх” магадлал өндөр байна.
Б.ДАМДИН-ОЧИР