Төрийн ордны зүүн талын хашааг засварлах ажлын хүрээнд явган хүний замыг хааж, хашаа барьчихсан байдал өчигдөр оройг хүртэл хэвээр байсан юм. Олон нийтийн сүлжээнд иргэд уг асуудалд бухимдалтай хандаж байв.
Харин уг хашааг урд шөнө татаж, хоёр хүн зөрж явах хэмжээний зай гаргажээ.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Хашааг татуулж, алхах боломжийг бүрдүүллээ. Засварын ажил нь арай дуусаагүй байна. Дуусмагц явган хүний замыг хуучин байдалд нь оруулна. Хашааг сунгаагүй юм байна. Тулаас хийсэн тул илүү татах боломж байхгүй байна. Удахгүй засварын ажил нь дуусна” хэмээн тайлбарласан байна.
Уг нь гуравдугаар сарын 28-нд Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын Барилга, инженер техникийн хэлтсээс “Өнөөдөртөө багтаан явган замын хэсгийн хашааг чөлөөлж, хоёр хүн явах зай гаргана” гэсэн тайлбарыг өгч байсан юм.
Төрийн ордны зүүн талын хашааг засварлах ажил дөрөвдүгээр сарын 9-нд дуусах аж.