Оюу толгойн ХХК-ийн Монгол талын ТУЗ-ийн гишүүнээр Ж.Таныг томилжээ. Өнгөрсөн долоо хоногт Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн Н.Багабандийг чөлөөлсөн бөгөөд оронд нь Ж.Таныг томилсон байна.
Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийж байгааг эх сурвалж мэдээллээ. Ингэхдээ Оюу толгойн ТУЗ-ийн асуудлыг хэлэлцэж, Ж.Таныг ийн томилж байгаа юм байна.
Ж.Тана нь АНУ-ын Юта мужийн “Васач Академи” бүрэн дунд сургуулийг дүүргэж, Харвардын их сургуулийг эдийн засаг, Зүүн Ази судлалаар бакалаврын зэрэгтэй төгссөн. Мөн дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлгийг хүртэж, Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан юм. Үүний дараагаар Рио Тинто компанийн Австрали дахь салбар болон Монголын Оюу Толгой компанид ажиллаж байжээ.
Мөн дэлхийн шилдэг зөвлөх үйлчилгээний компанийн нэг болох Маккинзи компанид зөвлөхөөр ажиллаж байсан аж. Тэрээр Эрдэнэс Монгол ХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан туршлагатай.