Засгийн газрын өчигдөр болсон хуралдаанаас Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж, Шивээ энержи төслийн нэгжийг татан буулгах шийдвэр гаргажээ. Эдгээр төслийн нэгжийг яагаад татан буулгах болсныг хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн засаглалыг сайжруулах ажлыг үе шаттайгаар хийж байгаа. Энэ хүрээнд үр ашиггүй зардлыг бууруулахаар Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгжийг татан буулгаж, чиг үүрэг, орон тоог тус компанид шилжүүлэхээр болжээ.
Мөн эрчим хүчний цогцолбор Шивээ энержи төслийн нэгжийг татан буулгасан байна. Нэг зам-Нэг бүс санаачилгын хүрээнд Монгол Улс, БНХАУ хооронд байгуулсан гэрээний дагуу Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц барьж, үйлдвэрлэсэн эрчим хүчийг Хятад руу экспортлох зорилгоор тус төслийн нэгжийг байгуулж байжээ.
Төслийн нэгж нь БНХАУ-ын хөрөнгө оруулагч тал, ТЭЗҮ боловсруулахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулсан ч хамтран ажиллах талаар ахиц гараагүй гэж үзэн татан буулгах шийдвэр гаргасан байна.