Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд авлига, албан тушаалын хэрэгт холбогдон гадаад улс руу оргон зайлсан 20 гаруй иргэнийг авчирчээ.
Энэ талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар “Шувуу ажиллагааны хүрээнд өөрсдийн хүслээр ирж шалгуулж байгаа хүмүүс бий. Энэ долоо хоногт “МИАТ” ТӨХК-ийн нислэгээр тодорхой тооны хүмүүсийг авчрахаар БНСУ-ын хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж байна.
Жишээлбэл иргэн “Н” нь нүүрсний гэх хэргээр шалгагдаж байгаад БНХАУ-ын хилээр гарсан бөгөөд БНСУ руу нэвтэрчээ. Шалгалтын ажиллагааны хүрээнд н.Наранхүүг энэ долоо хоногт Монгол Улсад авчирна.
Лхагва гарагт Засгийн газрын хуралдааны дараа Эрүүгийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан мэдэгдэл хийлгэе. Шалгагдаж байгаа хүмүүсийн араас гүйлгээ хийгдсэн, санхүүжилт явуулсан эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.
Холбогдох хүмүүс нь үнэхээр хууль зөрчиж, мөнгө угаасан байвал хэрэг үүсгэх байх. Өөрөөр хэлбэл, өндөр өртөгтэй гадаад улсад яаж амьдраад байгаа вэ гэдэг асуудал яригдаж байгаа” гэв.