Монголын Чих, хамар, хоолойн эмч нарын нийгэмлэг, “Рафаэл Интернэйшнл” хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын иргэдийн сонсгол бууралтыг анхан шатанд нь илрүүлэх шинжилгээ оношлогооны орчинг сайжруулах төсөл” хэрэгжиж буй. Эл ажлын хүрээнд УНТЭ-ийн Сонсгол судлалын кабинетыг иж бүрэн засварлаж, субьектив сонсголын шинжилгээний аппарат, сонсголын аппаратуудыг шалгах тохиргооны төхөөрөмж зэрэг өндөр өртөгт тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа өчигдөр болов.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжсэн уг төслийн хүрээнд эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинжилгээ хийх стандартад нийцсэн орчинг бүрдүүлэх, шинэчлэгдсэн төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, онлайн вебинар сургалтын орчныг сайжруулахаар БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага KOICA-гийн 998 сая воны санхүүжилт олгожээ.
Тус эмнэлэгт нийлүүлсэн орчин үеийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар сонсголын шинжилгээ хийх орчин сайжирч, иргэдийн сонсголын түвшний дунджийг тодорхойлох боломжтой болж буй бөгөөд орон нутгийн эмч нарыг чадавхжуулах сургалтыг энэхүү тоног төхөөрөмж дээр зохион байгуулах аж.
Сонсгол шалгахад шинжилгээний олон төрлийн аргуудыг хэрэглэдэг. Тухайлбал аудиометрийн төхөөрөмж ашиглан сонсголын түвшинг тодорхойлоход Монгол оронд ихэвчлэн Pure Tone Audiometry буюу өвчтөнд цэвэр авиа сонсгон дууны хэмжээг багасгасаар өвчтөнд сонсогдож буй хамгийн нам цэгийг олоход ашигладаг.
Харин үг сонсгон, сонссон үгээ өвчтөн давтан хэлж тухайн үгийг сонсон таниж байна уу, үгүй юу гэдгээс сонсголын түвшинг илүү нарийн тодорхойлох боломжтой тоног төхөөрөмжийг ашиглах шаардлагатай. Үүнийг Speech audiometry буюу үгийн аудиометр төхөөрөмжөөр хэмждэг аж.
Сонсголын аппаратны тохируулгыг тусгай төхөөрөмжөөр ( calibration) жилд 1 удаа 2000-3000 доллар төлж хилийн чанадад хийлгэдэг байсан. Энэ төслөөр энэхүү тохируулга хийдэг төхөөрөмжийг монголын чих хамар хоолойн эмч нарын нийгэмлэгт хандивлаж байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам