Өнгөрсөн сарын 30-ны өдөр буюу уржигдар Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд гарах 5 товчоод болон 21 аймгийн товчоодод нэгэн зэрэг зохиомжит нөлөөллийн ажлыг өрнүүлсэн.
Эдгээрийн нэг нь замын хажууд “бүсээ битгий зүү, хурдаа нэм” гэх зэрэг бичиг барьсан эрлэгийн элчийн хувцастай хүмүүс зогссон байв. Тус зохиомжийн талаарх зураг, бичлэгүүд цахим сүлжээнд тарсан бөгөөд “цочиж, улам хурдлах эрстэлтэй” хэмээн иргэд шүүмжилжээ.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодруулав. Тэрбээр “Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор тус аяныг өрнүүлсэн. Жил бүр дээрх агуулгаар аян өрнүүлж, сэдвийн хүрээнд зохиомжтой арга хэмжээ хийдэг.
Цахим орчинд эрчимтэй тараад байгаа эрлэгийн элчтэй зохиомжийг Улаанбаатар хотоос гарах буюу Төв аймгийн Сэргэлэн сумын замын зөрлөгт зохион байгуулсан. Миний бие тус зөрлөгт ажиллаж байсан бөгөөд эрлэгийн элчийн барьсан “бүсээ битгий зүү” гэсэн бичгийг уншсан хүмүүс тэр даруйд бүсээ зүүж байсан.
Эрлэгийн элчийг өнгөрөөд явбал аврах ангийнхан буюу цагдаа, эмнэлгийн байгууллагын ажилтнууд машин, хамгаалах хэрэгслүүдтэй таарах байдлаар байрлуулан зогсоосон. Зохиомжийн гол санаа нь буруу дадал, хандлагын улмаас амь насаа эрдэлд оруулдаг болохыг зорчигчдод санаалах юм.
Жил бүр зам тээврийн ослоор 500 орчим дуудлагын ирдгийн 300 орчим нь орон нутгийн замд үйлдэгдсэн байдаг.
Жил бүр зам тээврийн ослоор 500 орчим дуудлагын ирдгийн 300 орчим нь орон нутгийн замд үйлдэгдсэн байдаг. Тиймээс хол замд гарахдаа замын уртыг туулах цагаа зөв төлөвлөх шаардлагатай байна. Тухайлбал иргэд 100 км цагийн хурдаар тооцоолсон хэмжүүрээр төлөвлөсөн газартаа хүрнэ гэж боддог. Гэтэл хол замд явахдаа хооллох, буудаллах тохиолдолд хэр их цаг зарцуулахаа туулах замын цагийн төлөвлөгөөндөө багтаадаггүй. Ингээд л төлөвлөсөн ажлын хугацаа тулахад үлдсэн замд нь хурд хэтрүүлж осол гаргаж байна” гэв.
Иймд хол замд гарахдаа 60 км цагийн хурдаар явна гэж тооцоолж, аюулгүй, тухтай зорчихыг санууллаа. Мөн тус эрлэгийн элч дахин замын дэргэд үзэгдэхгүй бөгөөд “Нэг зам, нэг соёл аян” ирэх сарыг дуустал үргэлжлэх аж.