Баянхонгор аймгийн Галуут сумын төвөөс 20 км орчим зайтай, Чин сүжигт Номун ханы хийдээс хойд зүгт холгүйхэн их хадан хясаа бүхий уул байдаг. Энэ хадан хясааг нутгийн ардууд Бурхант хясаа (ХӨ46°50’19’’ ЗУ100°04’49’’) хэмээх бөгөөд сүслэн дээдэлсээр иржээ.
Хадан хясааны Цагаан туруут голын өөд хандсан хойд хананд бурхдын хөргийг бүтээсэн ихэд содон.
Хангайн сүрлэг уулсын дунд тунгалаг уст Цагаан туруутын голыг хөвөөлөн орших Монгол түмний түүх соёлын үнэт дурсгал болсон Бурхант хясаа жуулчдын анхаарлыг татаж нүд баясгасан үзмэр юм.
Бурхдын хөргийг 1800-аад онд хаданд үлдээсэн байх магадлалтайг зарим судлаачид тэмдэглэсэн байдаг бөгөөд 1975 онд анх сэргээн тодотгосон бол 1991, 2011 онуудад мөн өнгө хээг тодотгон будсан түүхтэй юм байна.
Бурхант хясааны домгийг сөхвөл:
Эрт цагт ах, дүү хоёр өөр газар явж эрдэм номд суралцаж, шашны хоёр урсгалаар машид сайн мэргэшсэн байж гэнэ. Тэр хоёр нутагтаа буцаж ирээд номын хүчин чадлаар хоорондоо үргэлжид тэмцэлдэж байсанд нэгэн цагт дүү нь ахыгаа егүүтгэжээ. Ингээд дүү нь ахынхаа хойноос харамсаж гашуудаж түүний буянд зориулж, машид хичээнгүйгээр хясаан дээр хорин нэгэн бурхан зурж /ижил хэмжээний/ сийлсэн юм гэсэн домог байдаг.
Тус сумын төв нь Баянхонгор хайрхан уулын өвөрт Харганын голын хойд хөндийд байрлана. Сумын төв нь мөнх цэвдэгтэй газар байрладаг ба аймгийн төвөөс 86 км, нийслэл Улаанбаатар хотоос 728 км зайтай.
Тус сумын нутаг тахилга, шүтлэгтэй уулс олон. Тэдгээр уулс нь тус сумын сан магтаалтай, эзэн савдагтай гэдэг.
Мөн тус сум Галуутын хавцал, Холбоо нуур, Үхэгийн рашаан, Тээлийн рашаан, Нарийн цохиотын рашаан, Өргөөтийн харз, Эрдэнэ тээл, Жаргалантын гол, Цагаан туруутын гол, Ёлын гол, Хуримт нуур, Бөөрөг нуур, Цэцгийн хонхор, Сойлонгийн хавцал, Хөх нуур зэрэг үзэсгэлэнт газруудтай.
Чин сүжигт номун ханы хийдийн сум дуган, Бурхант хясаа, Буянт голын хүн чулуу, Харганын агуй, Тээлийн хөндийн бичигт хад, Цохиотын булан дахь хүн чулуу, Тээлийн амны балгас, Өргөөтийн овооны буган чулуу, Бага цохиотын дөрвөлжин хэргэсүүр, Чингис хааны гүүн зэлний гадас, Сумын төв дэх хөшөө чулуунууд зэрэг эрт үеийн өвөг дээдсийн бүтээсэн дурсгалт түүхт газрууд олон.